МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид МАН-ын удирдлагуудад их хурлаа яаралтай хийх шаардлага хүргүүллээ. Улс төрийн намын тухай хуулиар бүх нам их хурал буюу төлөөллийн байгууллагыг 2026 оноос өмнө хуралдуулж, дүрэм, зорилго чиглэл, бүтэц зохион байгуулалтыг авч хэлэлцэх ёстой. Гэвч МАН-ын их хурал хуралдахгүй, тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байгааг тэд шүүмжлэв.
МАН-ын гишүүн Б.Амархүү: 100 гаруй жилийн түүхтэй МАН ээлжит хурлаа зарлаж чадахгүй тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Анх удаа ийм сонин нөхцөл байдалтай тулгарч байна. Үүнээс хамаараад, сонгогч олон болон намын гишүүд эргэлзэх тээнэгэлзэх, намын удирдлагадаа итгэл алдах явдал даамжирч байгаад харамсалтай байна. Тийм учраас ойрын хугацаанд Удирдах зөвлөлийг хуралдуулж, бага хурал зарлан хуралдуулах, бага хурлаасаа ажлын хэсэг байгуулж, намын ээлжит их хурлыг зохион байгуулах ажлыг хойшлуулшгүй хийгээч гэсэн шаардлага хүргүүлж байна.
Бид АН-ын их хурлыг анхааралтай ажигласан.
Бид АН-ын их хурлыг анхааралтай ажигласан. Ард иргэд сонгогчдод эерэг мессеж өгч чадлаа. АН улс төрийн рейтинг үзүүлэлтээр МАН-аас илүү байна. Тэгэхээр эрх барьж байгаа МАН-ын хувьд улбагар сулбагар байдалтайгаар улс төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй.
Увс аймгийн МАН-ын дэд дарга С.Анхбаяр: Нам гэдэг бол ардчилсан тогтолцооны гол институт. Өнөөдөр МАН 300 мянга гаруй гишүүнтэй, эрх барьж байгаа улс төрийн гол хүчин. Энэ улс төрийн хүчинд хэн нэгэн дарга гомдсон болов уу? Гомдол нь гарсан болов уу гэдгийг хүлээж, улс төрийн шийдэлдээ цаг алдмааргүй байгааг намын жирийн гишүүд хэлж байна. Намын их хурлыг хойшлуулсаар байгаад, өвөл 11-р сард хуралдахаар болж байх шиг байна. Намын гишүүд зөвхөн хотынхон байдаггүй. Хөдөө орон нутгийн хэдэн хувь нь гантай байна. Жишээ нь: Увс аймгийн 80 хувь нь гантай байна. Өвөлжилтийн бэлтгэл ид хийх үе. Жирийн малчин, тариаланч намын гишүүд байгаа. Энэ хүмүүс яаж намын хуралдаа оролцох вэ. Оролцоог нь яаж хангах вэ гэдэг асуудал цаг явах тусам бүрхэг болж байна. Тэгэхээр энд хэдэн даргын ая талыг хараад эвлэрэх болов уу, тохирох болов уу гэдэг байдлаар бүхэл бүтэн 300 мянган гишүүнтэй намын үйл ажиллагааг доголдуулах удаашруулах явдал байж болохгүй.
