Нийслэлийн нутаг дэвсгэрт шөнө, оройн цагаар мотоцикл болон том оврын автомашины дуу чимээ хэт чанга, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа талаар иргэд шүүмжилдэг. Тэгвэл хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй тээврийн хэрэгслийн стандарт, дүрэм журмыг мөрдүүлэх, жолоочдод соёлтой хэрэглээг хэвшүүлэх үүднээс НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайханаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн оройн цагаар хөдөлгөөнд оролцохдоо хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй мотоцикл болон хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгслийн дуу чимээний түвшинг зориулалтын тусгай багажаар хянаж, шалгалт хийжээ.
Шалгалтын явцад ялангуяа мотоциклтой жолооч нар шаардлагагүй буюу хөдөлгөөнд оролцоогүй зогсож байхдаа хаазлах, зогсоол болон орон сууцны хотхон, хороолол дотор хаазлах, нэмэлт яндан тавих зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Тээврийн цагдаагийн албанаас хэт чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийх, холбогдох зохицуулалтыг хийснээс хойш энэ төрлийн үзэгдэл эрс багассан гэдгийг онцоллоо.
