Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Онцгой комисс өчигдөр хуралдан, тус сумын нутаг дэвсгэрт тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 9-р сарын 15 хүртэл сунгалаа. Цагаан-Уул, Мөрөн суманд 3 хүн тарваган тахлаар өвчилж, 1 нь нас барсан юм.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ШУТИС-ийн харьяа Политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлаг, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх дугуйлан, спорт заал, биллиард, РС тоглоомын газрын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 7-ны 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл зогсоолоо. Энэ хугацаанд сургалтын хөтөлбөрийг тасалдуулахгүй теле болон цахим хэлбэрээр зохион байгуулахыг аймгийн Боловсролын газрын дарга (О.Бадраа), Мөрөн, Цагаан-Уул сумын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгов. 0-8 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагт зохицуулалт хийх, цахимаар ажиллах боломжоор хангах, хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүргийг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарт оноогоод байна.
