УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-2022 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг би МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа санаачилсан. Зорилго маань 2 их гүрний дунд орших ардчилсан Монгол Улсын парламентын засаглалын дархлааг улам нэмэх том зорилго агуулж, энэ өөрчлөлтийн төлөө явсан. МАН хэдийгээр 2 дараалсан үнэмлэхүй ялалт байгуулж, дангаар засгийн эрх барьж байсан ч 1 намын дарангуйлал тогтох эрсдэлээс урьдчилан сэргийлж, парламентад олон намын оролцоог хангах зорилго агуулж байсан.
Тэр ч утгаараа өнөөдрийн парламент дахь улс төрийн намуудын инститүжсэн байдлыг баталгаажуулахын төлөө парламентын зүгээс бүрэн дэмжиж ажиллаж байна. Өнгөрсөн хавар, намрын чуулганд маш олон хууль, тогоолын төсөл шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт хийн, анхдагч хууль хэлэлцэн баталлаа.
Ирэх намрын чулганд томоохон зорилго тавьж ажиллахаар болсон. Өнгөрсөн намрын чуулганаар УИХ-ын стратегийг баталж, өмнөх өмнөх их хурлуудаас ялгаатай нь 4 жилийн төлөвлөгөө биш, УИХ гэдэг байгууллагын өөрийн стратегийг албан ёсоор баталж, хүн төвтэй эрхзүйн орчныг бодитой бий болгоё, Монгол Улсад хэрэгжиж байгаа хуулийн үзэл баримтлал, философи нь социалист нийгмээс салж чадаагүй байгаа энэ нөхцөлийг бүрэн өөрчилье гэдэг зорилго тавьсан. Тэгвэл бид ирэх намрын чуулганаар 5 гол чухал зүйл дээр анхаарлаа хандуулах зорилго тавьж байна. Олон янзын судалгаа, жагсаал цуглаан, тойргоор явж ард иргэдтэй уулзаж байхад өнөөдрийн Монголын асуудал нь Монголын төр өөрөө болсон байна. Төр өөрөө ард түмний зовлон болж байгааг өөрчлөх шаардлагатай. Ялангуяа парламентад суудалтай 5 нам зөвшилцөл, концепцыг өндөр түвшинд хийж, энэ төрийн сул тал, дутагдал болж, ард иргэдийн шүүмжлэлд өртөж байгаа тэр хэсэг болгоныг засаж залруулахын төлөө хамтарч ажиллах шаардлагатай. Энэ хүрээнд 5 зүйл дээр төвлөрч ажиллана. Чуулганы нээлт дээр энэ бодлогоо зарлана.
1-рт, Монголын төрийн данхайсан бүтцийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Социализмын үеэс эхлэлтэй энэ бүтэц өнөөдөр нийгмийн асуудал болсон байна. Олон яамтай, олон агентлагтай, шаардлагагүй мөртлөө маш олон төрийн болон орон нутгийн өмчит компаниудтай байгаа нь Монголын төрийн маш том сул тал болсон. Төрийн дахин инженерчлэлийг албан ёсоор хийх шаардлагатай бид нэгэнт тулсан. Парламент намрын чуулганаар үүнд голчлон анхаарч ажиллана.
2-рт, УИХ-ын хаврын чуулган төрийн процессын инженерчлэлийн үзэл баримтлалыг баталсан. ЗГ-т тогтоолоор үүрэг өгсөн. Давхардсан, шаардлагагүй хэдэн мянган процессыг бид үгүй хийх ёстой. Ард иргэдэд хүндрэл учруулж байгаа энэ олон процессыг байхгүй болгосноор төр илүү хурдтай, ард иргэдэд илүү хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Үүнийг бодитой ажил хэрэг болгохын төлөө УИХ хяналт тавьж, ЗГ-т шаардлага тавьж ажиллана.
3-рт, Хууль тогтоомжийн хуульд бид хаврын чуулганаар өөрчлөлт оруулсан. Уг хуульд оруулсан өөрлчөлтийн үндсэн зорилго нь авлига, хүнд суртлын суурь болсон олон мянган дүрэм, журмыг хуульд шингээх. Өнөөдөр Монгол Улсад нийтлэг харилцааг зохицуулж байгаа 350 орчим хууль, 2768 журам байна. Нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар, 70 хувийг дүрэм, журмаар зохицуулж байгаа нь эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүст илүү боломж олгох нөхцөл бүрдүүлсэн. Тийм учраас ЗГ-т өгсөн үүргээр 2026.05.01-ний дотор энэ 2768 дүрэм, журмыг хуульд шингээх, хууль нь иж бүрэн зохицуулалт хийж чаддаг болох нөхцөл боломж бүрдүүлнэ.
4-рт, татварын багц хуультай холбоотой асуудал яригдаж байна. Сүүлийн жилүүдэд татварын хувь хэмжээтэй холбоотой асуудлаар иргэд, бизнес эрхлэгчид олон гомдол, санал, хүсэлт гаргаж байгаа. Өнөөдөр ЗГ-аас өргөн барихаар бэлтгээд, парламентын саитад тавьж, иргэдийн санал авч буй төслийг харлаа. Яг үнэндээ иргэдийн хүсэж байгаа өөрчлөлтийг хийж чадахгүй төсөл байна.
Татварын багц хуульд косметик хэлбэрийн өөрчлөлт хийснээр бизнес эрхлэгчид, ард иргэдэд дэмжлэг үзүүлэх, татварын хөнгөлөлт авчрах боломж хангалттай бүрдэхгүй. Өнөөдөр Монгол Улсад татварын реформ хэрэгтэй. Татвараар орлогоо бүрдүүлж, түүгээрээ зарлагаа гаргадаг ганцхан аргачлалтай улс. Гэтэл өндөр хөгжилтэй улсуудыг харахад татварыг юуны төлөө авдаг нь маш тодорхой байна. Казахстанд илүү их баялаг бүтээж, хөдөлмөрлөж байгаа иргэддээ илүү их хөнгөлөлт үзүүлж байна. Бизнес эрхлэгчдээрээ эдийн засгаа тэлэх бодлого хэрэгжүүлж чадаж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгахгүйгээр, адилхан эрх тэгш боломж олгож байна.
Тийм учраас УИХ энэ намрын чуулганд татварын хуулиудад нэмэлт өөрчлөлт хийх биш, реформын чанартайтомоохон өөрчлөлт хийх санаачилга гаргаж ажиллана.
5-рт, нийгмийн даатгалын тогтолцоо. Сүүлийн 10 гаруй жилд энэ асуудал байнга яригдсан. “НДС алдагдалтай ажиллаж байгаа учраас НДШ-ийг багасгах боломжгүй. Тэтгэвэр нэмэх боломжгүй” гэж үе үеийн ЗГ үзэж ирсэн. Монголоос бусад бүх улс хуримтлалын сантай болсон. Үүнийг бүрэн нэвтрүүлэх арга замыг бүрэн эрэлхийлж чадахгүй байна. Энэ сул талыг намрын чуулганаар хэлэлцэж өөрчилнө.
Өнөөдөр ЗГ-аас өргөн барихаар бэлтгэсэн нийгмийн даатгалын багц хуулийн төслийг үзсэн. Хаврын чуулганд өргөн барихад нь УИХ-ын даргын хувьд би хүлээж аваагүй. Яагаад гэхээр уг хуулийн төслийн үндсэн зорилго нь Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилго агуулсан. Гэтэл ард иргэд, хөдөлмөр эрхлэгчид НДШ-ийг багасгах, хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо бий болгохыг шаарддаг. Иргэдийн хүсэлт ийм байхад УИХ уг уг төслийг баталбал төр иргэдээ мэдрээгүй, нийгмийн шаардлага хангаагүй хууль батлахад хүрнэ.
УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Энэ байгуулагын үйл ажиллагаа ил тод, нээлттэй явагдах ёстой. Хариуцлагатай, өндөр чанартай шийдвэр гаргах ёстой. Тэр утгаараа улс төрийн намуудын шинэчлэлт өөрчлөлтийг дэмжих ёстой.
Улс төрийн нам амьд организм. Дэлхий нийтийн өөрчлөлт шинэчлэлтийг мэдэрч, өөрсдөө өөрчлөгдөж чаддаг байж нам амьд оршин тогтнодог. Ингэж байж ард түмний дэмжлэг авч чаддаг.
Монгол Улс хувь хүн бус, хууль засагладаг. Хууль засагладаг эрхзүйт төртэй байх ёстой. Үүний төлөө улс төрийн нам бүр үе үеийн сонгууль, үеийн үеийн парламентууд зорьж ажиллаж ирсэн. 2 их гүрний дунд оршиж байгаа ардчилсан Монгол Улс ардчилсан парламентын дархлааг улам бүр баталгажуулж явах ёстой. Хуулийн дор хүн бүр эрх тэгш амьдардаг нийгмийг бид улам бүр цогцлоон хөгжүүлэх ёстой. Тэр бол Монгол Улсын Их Хурлын, Монголын төрийн зорилго байх ёстой.
Энэ утгаараа би 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус, хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд, сонгогчдын өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жил ажиллаж, шинэчлэлт өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа төлөө, удаа дараа намынхаа гишүүдийн итгэл, дэмжлэгийг авч, ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байсныхаа төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
