Л.Гантөмөр: Төсвийг алдагдалгүй болгож, өр үйлдвэрлэхээ зогсоох ёстой


УИХ-ын намрын чуулган нээлтээ хийх үеэр Л.Гантөмөр гишүүн сэтгүүлчдийн асуултад ийм хариулт өглөө.

-Уг нь 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг их хурал баталсан байгаа. Хөгжлийн төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Хөгжлийн төлөвлөгөөнд 2025 оныг бид хотын жил болгосон. Туулын хурдны зам тавьж, түгжрэл, утааны асуудлыг бүрэн шийднэ гэсэн зорилттой. “Алт” болон бусад хөтөлбөр хэрэгжүүлж, эдийн засгаа тогтвортой хадгална гэсэн.

Харамсалтай нь өнөөдөр бидний санаачилсан хурдны замын сураг гарахгүй байна. Бүтээн байгуулалтын ажил эхлэхгүй байна. Коксхимийн үйлдвэрийг ажилд оруулаагүй байна. Бид бол Багануурт коксхимийн үйлдвэр байгуулахаар төсөл бэлдсэн. Харамсалтай нь өөр газарт хийнэ гэнэ. Баталсан байгаа төлөвлөгөөг ажил хэрэг болгох нь амин чухал байна. Тэгэхгүй бол ядуурал арилахгүй байна. ЗГ ажлаа хийх хэрэгтэй. Их хурал ийм шаардлага хатуу тавих ёстой.

Ирэх оны төсөвт дарга нарын зардлыг 15%-иар бууруулах зорилт Хөгжлийн төлөвлөгөөнд тавьсан. Төрийн өмчит компаниудын зардлыг 20% багасгана гэсэн зорилт тусгасан. 2026 оноо бид Боловсролын жил болгож, УИХ баталсан. Төсвөө зорилготой болгоё гэсэн шүү дээ. Төсөв алдагдалгүй байя. 1-рт, энэ 4 жилд өр үйлдвэрлэхийг зогсооё. 2-рт, тухайн жилийн төсвөөр тухайн жилдээ ач холбогдолтой зүйлс хийе гэсэн. 2025 оны төсвийг батлахдаа 30 гаруй төсөлд мөнгөө тавьсан. Тодорхой дэд бүтэц шийдсэн. Үйлдвэрлэлд шилжихийн тулд эрчим хүч, зам, төмөр зам тавина.

2026 онд боловсролд мөнгөө зарах ёстой. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг бүрэн шийдэх ёстой. Зарчим хөдөлж болохгүй. Орлогынхоо хэрээр амьдаръя гэдэг зарчим дээрээ хатуу байх ёстой. Тиймээс төсвийг нэлээн ярилцах ёстой. Алдагдалгүй болгох ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *