Хиймэл оюуны тусламжтайгаар гэмт хэрэгтнүүд хүмүүсийн мэдээллийг боловсруулан, хувь хүнийг залилдаг болов. Тухайн хүн юу хүсэж, сонирхдог, амьдралын хэмнэл нь ямар байдаг, хүүхдүүд нь хаана сурдаг, тэр ч бүү хэл элдэв сугалаа, азын шоонд оролцдог эсэхийг таны фэйсбүүк, инстаграм зэрэг нийгмийн сүлжээнд оруулсан мэдээллийг ашиглан, хиймэл оюуны тусламжтайгаар маш нарийвчлалтай судлан, залилангийн байгаа болгож байна.
Хиймэл оюунаар хүний хоолойг дуурайх энүүхэнд. Видео бичлэгийг яг бодит мэт хийж байна. Хэрсүү байцгаая!
Видео хууран мэхлэлт:
Саяхан даа, сошиалд Парисын цамхаг шатаж байгаа талаарх видео тархаж, сэтгэгдэл хэсэгт монголчууд харамссан, гашуудсан талаарх эмгэнлээ гүн гүнзгий итгэл үнэмшилтэйгээр хуваалцав.
Үүнтэй төстэй зураг саяхан түгэв. Санзай орчимд үлдсэн эртний үлэггүрвэлийн өндөг өсөж томрон, хашаанаасаа гарч зугтан, хүний машиныг юу ч үгүй сийчин хаяж байгаа тухай видео мэдээ. Сэтгэгдлүүдийг нь мөн л 100 хувийн итгэл үнэмшилтэйгээр бичсэн байх юм. “Хөөрхийдөө, нэг өндөг олоод түүнийгээ дарж байгаад бойжуулж л дээ”, “Яахаа мэдэхээ болиод алдсан байх”, “Онгоцоор халуун орноос авчирсан юм байна”. Барин тавин бичиж байгаа биз.
Иймэрхүү видео мэдээ хийхэд хамгийн түгээмэл ашигладаг, хиймэл оюунд суурилсан мэдээллийн орчин бол Deepfakes. Зураг, бичлэгээ өгөөд л боллоо. Танд жинхэнэ юм шиг видеог хормын дотор хийж өгнө. Яг иймэрхүү хиймэл оюунд суурилсан саитуудыг ашиглан, зохиомлоор бүтээсэн видео нь нийгмийн инженерчлэлийн зэвсэг болтлоо хөгжчихлөө.
Хэт өгөгдөлд суурилсан AI хөгжлийн эхэн үед бид яах ёстой вэ. Магадгүй сошиал дахь зураг, элдэв бичлэгийг чинь ашиглан, өнөөдөр таныг хэн нэгэнтэй хамтад нь нийлүүлээд видео хийж, зөвхөн тан руу илгээж магад. Хувь хүн рүү чиглэсэн ийм цахим залиланд хэн ч өртөх эрсдэлтэй. Хууртаж л болохгүй. Хэрсүү байцгаая!
Дуу хоолойгоор хууран мэхлэх:
Видеонууд хэн нэгнийг дүрсээр итгүүлдэг бол. Хиймэл оюун ашиглан, дуу хоолойг зохиомлоор дуурайх технологи мөн л түргэн дэлгэрч байна. Луйварчид хиймэл оюун ашиглан, хуурамч дуут мессеж үүсгэн, хүмүүсийн толгойг эргүүлэн, залиландаа ашиглаж эхэллээ. Таны, хүүхдийн, ээжийн, аавын дуу хоолойг яг дууриан утсаар залгаж, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх боломжтой гэсэн үг.
Магадгүй тан руу хүүхэд чинь танихгүй дугаараас залгаад “Ээж ээ! Авраарай” гэвэл яаран харайж очихоосоо урьтаад нягталж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. McAfee-ийн судалгаагаар 7000 хүн тутмын 1 нь өөрийн биеэр эсвэл таньдаг хэн нэгнээр дамжуулан, хиймэл оюунаар үүсгэсэн дуу хоолойнд залилуулжээ. Хэрсүү байцгаая!
Хувь хүн лүү чиглэсэн залилан:
Хиймэл оюун ухаанд суурилсан цахим залилан маш нарийн болсон. Тухайн хүний мэдээллийг янз бүрийн аргаар цуглуулж, яг тэр хүнд зориулсан, яг тэр хүн рүү чиглэсэн үйлдэл хийдэг болжээ. Хиймэл оюунаар үүсгэсэн мэдээллээ ашиглан, хуурамч таниулбар үүсгэн, данс нээх, зээл хүсэх гэх зэргээр янз бүрийн луйвар хийж байна. Хамгийн бодит жишээ нь “Та азтан боллоо. Дансныхаа дугаарыг хэлнэ үү. Мөнгө шилжүүлье” гэх зурвас. Үнэгүй юм зөвхөн хулганы хавханд л байдаг гэдгийг саная.
Интернэт орчинд зургаа оруулж, дуу дуулуулж, зургаа янз бүр болгодог аппликэйншнүүдийг нэрлэж болно. Та сайн дураараа түүнд дуу хоолойгоо таниулж, дүрсээ өгсөн. Тэд түүнийг чинь ашиглан, видео бичлэг бэлтгэж байгааг ойлгоорой. Хэрсүү байцгаая!
AI луйвраас хэрхэн сэргийлэх вэ?
Залилах гэмт хэрэг 2020 онд 4,270 гарсан бол 2024 онд 15,889 болтлоо өсчээ. Улаанбаатарт 2020 онд 3,621 ийм хэрэг бүртгэгдсэн бол 2024 онд 13,560 болжээ. Нийгмийн сүлжээнд мэдээллээ хэт их тавьдаг, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаж сураагүй, үгүй дээ л ямар ч ойлголтгүй хүмүүс эдгээр залилах гэмт хэрэгт өртөн, хохирч байна.
Луйварчдад боломж олгохгүй байх арга бол бий. Технологийн хувьд хоцрохгүй байх нь энэ төрлийн луйварчдад залилуулахгүй байх арга мөн. Залилагчийн эсрэг хиймэл оюун ашиглаж сурсан ч болно. Ядаж л “Энэ бодит уу” хэмээн хүнээс асууж чаддаг байх хэрэгтэй. Тэгвэл цахим залилангийн золиос болохгүй байх боломжтой. Хэрсүү байцгаая!
