“Монгол Улсын Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулах стратегийн баримт бичиг”-ийг боловсруулж байна. Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги бол аливаа гэнэтийн аюул, эрсдэлийг богино хугацаанд даван туулах, улмаар төр, нийгмийн амьдралыг сэргээн босгох чадавхыг хангахад чиглэгдсэн бүх нийтийн оролцоонд тулгуурласан арга хэрэгсэл юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 19 дүгээр захирамжаар стратегийн баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Батлут томилогдон ажиллаж байгаа юм.
Уг ажлын хэсэг хоёрдугаар хуралдаанаа зохион байгуулж, төрийн бодлого, улс орны нийгэм эдийн засгийн байдал, цаашдын чиг хандлага, Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд гарч буй өөрчлөлт, холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан анхны төсөлтэй танилцан санал, шүүмж өрнүүллээ.
Хуралдаанаар дээрх төсөлд нэмэлт хийх болон өөрчлөх тодорхой саналуудыг тусган ойрын үед эцэслэх шийдэлд хүрлээ.