Израилчууд Газа хотыг бөмбөгдөж, мянга мянган палестинчууд зугтаж байна


Израил улс Газа хотыг бөмбөгдөж, Мягмар гарагт Газа хотод дор хаяж, 91 хүн амь үрэгджээ. Тус улс мөн Газа хот руу явган цэргийн арми илгээснээ мэдэгдэв. Үүний улмаас мянга мянган палестинчууд Газа хотоос дайжин зугтаж байна. Израилын Батлан хамгаалахын сайд Израиль Кац X сүлжээнд “Газа шатаж байна” гэж бичжээ.

Израилын булаан эзлэх төлөвлөгөөний эхний өдрүүдэд олон хүн Газа хотдоо үлдэнэ гэж амлаж байв. Гэвч Израилын арми өндөр барилга, орон сууц, энгийн иргэдийн дэд бүтцүүдийг үнс нуранги болгож, бөмбөгдөлтөө нэмэгдүүлэхийн хэрээр зугтах замынхаа зардлыг даах боломжтой хүмүүс өмнө зүг рүү зугтаж байна. Гэвч тэнд очоод ч хоргодох аюулгүй газар байгаа гэх баталгаа алга.

Танкнууд Газа хот руу түрж орж ирлээ

Хоёр жил үргэлжилж буй уг дайны эхний үе шат дууссаны дараа ойролцоогоор нэг сая палестинчууд Газа хотын нурсан балгасуудад эргэн ирж амьдарч байсан бол одоо тэднээс хэд нь хотдоо үлдсэн талаарх мэдээлэл зөрүүтэй байна. Израилын армийн албан тушаалтан Мягмар гарагт ойролцоогоор 350,000 хүн Газа хотоос зугтсан гэж тооцжээ. Харин Газын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газар 350,000 хүн хотын төв болон баруун хэсэг рүү нүүж очлоо. Харин 190,000 хүн хотыг бүрмөсөн орхиж явсан гэж мэдэгдсэн байна.

Хүмүүс зугтаж байх зуур Израилын арми онгоцноос бичлэг хийж, олон тооны хуягт танкийн цуваа Газа хот руу түрж орж буйг харуулжээ. Израилын арми Газа хотыг бүрэн хяналтдаа авахын тулд “олон сар” шаардагдана гэж Мягмар гарагт мэдэгдэв.

“Хэчнээн удаан хугацаа зарцуулсан хамаагүй. Бид Газа хотыг эзэлж авах болно” гэж Ирзаилын армийн хэвлэлийн төлөөлөгч Эффи Дефрин хэлжээ. Эрүүл мэндийн эх сурвалжуудын мэдээлснээр Мягмар гарагт үүр цайснаас хойш Газын нутаг дэвсгэрт дор хаяж 106 хүн амиа алдсан гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *