Авилга болон ажилгүйдлийг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд Балба болон Индонез улсад өрнөж байна. Эдгээр улс хоорондоо 3200 км зайтай боловч уг хоёр улсад өрнөсөн жагсаал цуглааны ижил тал нь Z үеийнхэн буюу 1997–2012 онд төрсөн залуучууд удирдаж буй явдал юм.
Азийн ардчилсан засаглалтай уг хоёр улсын хүн амын тал хувийг 30-аас доош насныхан бүрдүүлдэг. Гэсэн ч тэдний хийсэн эсэргүүцлийн шууд шалтгаан өөр байв. Балба улсад цахим сүлжээг хаасан нь жагсаал цуглаан хийхэд өдөөсөн бол Индонез улсад төрийн албан тушаалтнуудыг тансаг хангамжаар урамшуулж байсан нь нь ард иргэдийн бухимдуулж, жагсаал хийхэд хүргэжээ.
Гэвч тэднийг нэгтгэж буй гол хүчин зүйл нь залуусын ажилгүйдэл, авлига хэт гаарсан явдал, эдийн засгийн тэгш бус байдал өссөөр буйд хүмүүс дургүйцсэн явдал юм. “Ажил эрхлэлтийн байдал тогтворгүй байна. Дээд боловсролтой залууст хүртэл ажлын байр олдохгүй байна” гэж Мелбурн их сургуулийн Ази судлаач профессор Веди Хадиз хэлжээ.
Дэлхийн Банкны мэдээллээр өнгөрсөн жил Индонез улсад 15–24 насныхны 14% нь ажилгүй байсан бол Балбад энэ тоо бүр өндөр буюу 20% байжээ. Ажиглагчдын хэлснээр энэ нь залуусыг бөөнөөрөө улс орноо орхин, хөрш Энэтхэг улс болон Ойрхи Дорнод зэрэг бүс нутаг руу ажил хайхаар явахад хүргэсэн байна. Тэнд очсон хүмүүс ихэвчлэн хар ажил хийдэг. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Индонез улсад ногдуулсан 19%-ийн татвар, Балбад ногдуулсан 10%-ийн татвар тус хоёр улсын аж байдлыг бүр ч дордуулсан хэрэг.
Эх сурвалж: NBC News