Монгол Улс болон ОХУ-ын хамтарсан хайгуулын экспедиц Халх голын байлдааны талбарт амжилттай ажиллаад иржээ. Хамтарсан хайгуулыг 2025 оны 5, 9 дүгээр саруудад хоёр удаагийн цувраагаар зохион байгуулсан байна. Давхардсан тоогоор 400 гаруй мэргэжлийн шинжээч, судлаач алба хаагч, сонсогчид үүрэг гүйцэтгэжээ.

Энэ нь Халх голын байлдааны тулааны талбар буюу Дорнод аймагт хамтарсан хайгуулын экспедицийн үйл ажиллагааг эхлүүлж, амь үрэгдсэн дайчдын дурсгалыг илрүүлэх, мөнхжүүлэх, ОХУ-ын талд тухайн үеийн Улаан армийн амь үрэгдсэн дайчдын дурсгалыг шилжүүлэн өгөх, цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилготой юм. Монгол Улс, ОХУ-ын төрийн тэргүүн нарын “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 2024 оны яриа хэлэлцээрт Халхын голын байлдааны тулааны талбарт хамтарсан хайгуулын экспедицийг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэснийг ийнхүү бодит ажил болгосон юм.

