Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөийг 2025.05.16-ны өдөр УИХ баталсан. Эл хуулийн төслийг хэрэгжүүлэхийн тулд 2025.09.01-нд Монголбанк журам гаргасан. Үүгээр хар жагсаалт Монгол Улсад байхгүй болсон тухай тус банк болон дээрх хуулийн төслийг санаалагч мэдээлсэн. Нэмэлт, өөрчлөлт оруулсан Зээлийн мэдээллийн тухай хууль тухай хууль 2025 оны 9 дүгээр сарын 10-наас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ.
Хар жагсаалтыг өөрчлөн, онооны системд шилжсэнээр гарах үр дүн:
- Зээлийн хүү буурна
- Зээлдэгчийн “Хар жагсаалт” гэх санхүүгийн ял арилна
- Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж, салбарын өрсөлдөөн нэмэгдэнэ
- Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлнэ
- Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар нэмэгдэж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна.
Гэвч бодит байдал дээрээ хар жагсаалт зөвхөн нэрээ л өөрчилснөөс бус ачир дээрээ огт өөрчлөгдсөнгүй. Харин ч банк, санхүүгийн байгууллагынхан зээл олгохдоо өмнөхөөсөө илүү болгоомжилж, олон давхар цаас шаардах болжээ. Үнэндээ хар жагсаалт тас хар жагсаалт болжээ.
Учир юу хэмээвээс, олон улсын жишигт нийцүүлж байгаа гэсэн тайлбар өгсөн онооны систем Монголын хөрсөнд буухдаа нүдээ олсонгүй. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аль нь ч зээл авахад өмнө нь 5 шалгуураар ангилж үздэг байв. Харин одоо уг шалгуураа 2 болгож, цөөллөө. Гэтэл энэ 2 шалгуурыг банк, санхүүгийн байгууллагууд хангалттай гэж үзэхгүй байна. Тиймээс зээл хүссэн хүнээс өмнөхөөсөө ч олон бичиг баримт нэхэж байна.
Жишээлбэл: Хар жагсаалтад орсон, муу зээлдэгч гэсэн ангилалтай иргэн онооны системийн ачаар хар жагсаалтаас аврагдсан. Үнэндээ бодит байдал дээрээ өнөөх хар жагсаалт байж л байна.
Үүнийг тайлбарлая. Банкны зээлийн систем одоо тухайн хүнийг зөвхөн хугацаа хэтэрсэн зээлтэй юү, үгүй юү гэдгийг харуулах ТИЙМ, ҮГҮЙ гэсэн хоёр сонголттой болсон. Энэ нь зээлдэгчид ямар ч ашиггүй. ТИЙМ гэсэн ангилалд орсон бол ямар ч банк, ямар ч санхүүгийн байгууллага уг хүнд зээл олгохгүй. ҮГҮЙ гэсэн ангилалд орсон сайн зээлдэгчид банк шууд итгэхгүй. Нэмэлт бичиг баримт шаардан, олон цаас нэхэх болжээ. Ингэхээр хар жагсаалтыг халсан ч чанарын ялгаа алга байна.
Өмнө нь банк зээл олгохдоо 5 ангиллаа хардаг байсан бол одоо иргэд, аж ахуйн нэгжээс зээлийн дансны хуулга, зээлийн төлбөрийн хуваарийг шаардахаас өөр аргагүй болжээ. Ингэхээр банк, иргэн хоёрт хоёуланд нь илүү ажил нэмэгдсэн байна. Өмнө нь зээлээ хугацаанд нь төлдөг байсан харилцагч хүртэл одоо дахин зээл авахдаа илүү баримт бүрдүүлэх шаардлагатай болжээ. Зээлээ сайн төлдөг хүн төлдөггүй, хугацаа хоцроодог иргэнтэй адилхан болсон гэсэн үг.
Онооны систем нь зээлээ 90-ээс дээш хоног төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн зээлтэй юү, эсвэл үгүй юү гэдгийг л зөвхөн харуулдаг юм байна. Энэ нь банк зээл олгохоос татгалзах шалтгааныг алга болгосон гэсэн үг биш. Зээлээ төлөлгүй 89 хоносон хүн ч, яг цагт нь төлсөн хүн ч адилхан ангилалд орсон. Тиймээс зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байгаа хүнийг банкны ажилтан мэдэхгүй. Үүнээс болоод банк хаширлан, зээл хүссэн хүн бүрээс олон бичиг баримт шаарддаг болжээ.
Учир нь өмнөх зээлээ төлөөгүй хүн дахин зээл авах гэж оролдож мэднэ. Банк мэдэхгүй юм чинь гээд зээлээ төлөхгүй 89 хоног хойшлуулж магадгүй. Манай улс дээрээ ч, доороо ч санхүүгийн сахилга бат хэр байгаа билээ дээ. Банкнаас, апп-аас зэрэг зэрэг зээл авчихсан хүн зөндөө.
Өмнө нь зээлээ төлөөгүй байсан ч гадаад явж болдог байлаа. Банкны хар жагсаалтад орчихсон атлаа гадаад, дотоодоор хамаагүй явдаг байсан. Тэгвэл одоо онооны системд шилжсэнээр, хугацаа хэтэрсэн зээлтэй, түүнийгээ төлөлгүй 3 сар болсон бол гадаад явах эрхгүй. Шууд хилийн хориг тавигдана. Үүнийг та мэдсэн үү? Олон улсын жишгээр ийм болсон шүү дээ.
Одоо харилцагчтай холбоотой эрсдэлийг мэдэх арга банкинд байхгүй болжээ. Өмнө нь уг эрсдэлийг банк системээ ашиглан харж болдог байсан аж. Одоо болохгүй, харагдахгүй. Тэр хэрээр банк улам болгоомжилж, өмнөхөөсөө олон баримт, лавлагаа шаардаж байгаа юм.
Олон улсын жишигт нийцүүлэхийн тулд би ямар зээлээ төлөөд, яавал миний оноо дээшлэх вэ гэдэг талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй, тодорхойгүй байна. Тэр байтугай миний оноо юунаас болоод их, бага гарсныг мэдэх боломж алга. Хар жагсаалтыг халснаар иргэнд ямар хэрэгтэйг, банкинд, эдийн засагт ямар ашигтайг хэлэхэд эрт байна.
Хар жагсаалт гэж нэрлэнэ үү, зээлийн оноо гэж нэрлэнэ үү, иргэний зээлийн түүх дээр үндэслэн, зээл олгох эсэхээ шийддэг нь хэвээрээ байна. Зээлдэгчийн өндөр оноо нь зээлийн батлан даалт болох талаар өнөөдөр ярихад эрт байна.