Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар баг, Сайханмод гэх газраас энэ оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2 настай хүүхэд алга болсон гэх мэдээллийг 20:40 цагт цагдаагийн байгууллага хүлээн авч, эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ. Ц.Пүрэвсайхан цайвар шар царайтай, толгойдоо 10 см орчим урттай, хоёр сүлжсэн шаргал үстэй, 80 см орчим өндөр, 18 кг орчим жинтэй. Алга болох үедээ хөх цамц, хар өмд, зурган дээр харагдаж байгаачлан улаан оруулгатай цагаан өнгийн пүүзэн гуталтай байжээ.
Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн албан хаагчид болон үнэрлэх, эрэн хайх чиглэлээр бэлтгэгдсэн нохойнууд, төлөөлөгчдийн хамт нэмэлтээр үүрэг гүйцэтгэн, холбогдох байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж байгаа аж.
Одоогоор алга болсон бага насны хүүхэд олдоогүй, иргэдийн төрөл бүрээр таамаглаж байгаа шиг нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Сураггүй алга болсон 2 настай хүүхэдтэй холбоотой мэдээллийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын дагуу иргэдээс мэдээлэл төлбөртэй авна.
