Филиппинчүүд авлигыг эсэргүүцэн, жагсаал хийж байна


Татвар төлөгчдийн мөнгийг үерээс хамгаалах хуурамч төслүүдэд зарцуулсан гэх мэдээлэл ням гарагт цацагдсаны дараа филиппинчүүд улстөрчдийнхөө авлигыг эсэргүүцэн, гудамжинд гарч жагсжээ. Хууль тогтоогчид болон албан тушаалтнууд гэрээ хэлцэл хийснийхээ хариуд асар их авлига авсан гэх хардлага олон нийтэд төрж байгаа аж. Учир нь Филиппин улсын үерийн аюулаас хамгаалах чухал төслүүд хэрэгжээгүй хэвээр байна.

Тус улсын Сангийн яамны тооцоогоор 2023–2025 оны хооронд үерийн хамгаалалтын төслүүдтэй холбоотой авлигаас болж, Филиппин улсын эдийн засаг ойролцоогоор 1.48 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Харин “Greenpeace” байгууллагын гаргасан тооцоогоор энэ дүн үнэндээ хавьгүй өндөр бөгөөд Филиппин улсын эдийн засагт зөвхөн 2023 онд л гэхэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төслүүдээс 13 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж мэдэгдсэн байна.

Авлигатай холбоотой энэ мэдэгдлүүд анх долдугаар сард гарч эхэлсэн юм. Тэр үед хүчтэй аадар бороо, шуурганы улмаас олон хот, тосгон үерт автаж, сая сая иргэдийн амьдралд зовлон бэрхшээл тохиосон.

Жагсаал ихэнхдээ тайван үргэлжилж байсан ч цагдаа нар хоёр өөр газар 72 хүн баривчилсан байна. Тэдний дунд насанд хүрээгүй 20 хүүхэд байжээ. Мөн жагсаалын үеэр дор хаяж 39 цагдаа бэртэж гэмтсэн гэнэ. Цагдаа нарын хаалт болгон ашиглаж байсан ачааны машиныг жагсагчид галдан шатаасан байна. Цагдаагийн газрын дарга Хэйзэл Асило AFP агентлагт өгсөн мэдэгдэлдээ “Баривчлагдсан хүмүүс жагсагчид байсан уу эсвэл зүгээр л үймээн самуун дэгдээж байсан хүмүүс үү гэдэг нь тодорхойгүй байна” гэж хэлжээ.

Долдугаар сард хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн үерийн гамшгийн дараа Ерөнхийлөгч Фердинанд Маркос уг асуудлыг гол сэдэв болгон хөндсөн. Тэр цагаас хойш Филиппин улсын “Сүнс төслүүд” гэж нэрлэгддэг дэд бүтцийн хуурамч төслүүдийн эсрэг олон нийтийн уур хилэн улам бүр нэмэгдсээр байна.

Эх сурвалж: Guardian


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *