Ж.Оджаргал: Дөнгөж сая Ерөнхий сайд дуудаад, хэлэлцээр хийе гэсэн


“М Си Эс” грүппийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалаас дараах мэдээллийг тодрууллаа.  

Ухаахудагийг стратегийн ордын жагсаалтад авах талаар та юу хэлэх вэ?

-Тавантолгойн бүлэг орд бол стратегийн орд. УИХ-аас 2007 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд гэж баталсан байдаг. Тэр хүрээнд тухайн үеийн Засгийн газартай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр 9 удаа хийсэн. Ингээд Тавантолгойн бүлэг ордын 6 лицензийн 5-ыг нь төрд өгсөн. Энэ бол нийт нөөцийн 96%. Үлдсэн 4%-ийн лиценз буюу Ухаахудагт бүтээн байгуулалт хийгээд, 16-17 жил болж байна. Стратегийн ордын жагсаалтад Тавантолгойн бүлэг орд гэж байдаг. Ухаахудаг гэж стратегийн орд байдаггүй. Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг нь Ухаахудаг.

-Үлдсэн 4%-ийг төр буцаан авах гэж байна гэж ойлгож болох уу? Өнгөрсөн хугацаанд “Ард түмний баялгийг хулгайлчихлаа. Ухаахудагаа буцааж авъя” гэсэн уриалга гаргаж, жагсаал хүртэл хийсэн шүү дээ.

-Тэр бол буруу мэдээлэл цацсан. Төрийн яамнаас ажлын хэсэг гарч, 4 сар хэлэлцээр хийгээд, төрд эзэмших хувиа өгчихсөн. Төрийн бүх байгууллагад нь албан ёсны бичиг баримт нь байгаа. Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордын 50 хүртэлх хувийг төр эзэмших ёстой гэсэн хуулийг давуулан биелүүлээд, 96%-иа өгсөн. Ямар ч маргаангүй, хуулийн хүрээнд хийсэн хэлэлцээр байгаа.

2007 онд Ашигт малтмалын хууль гараад, улсын хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордын 50% хүртэлх, хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 34%-ийг төр зэмших болсон. Уг хуулийн дагуу өгсөн. Түүнээс хойш тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсан. 2024 оны эцсийн байдлаар 15 жилд 2.6 их наяд төгрөг улсын төсөвт төлсөн. Бидний тооцоогоор уурхайн нийт ашгийн 70%-ийг ард түмэндээ өгсөн гэсэн тайлан гарсан.

-Тавантолгойн ордын өрөм нь Ухаахудаг. Өрмийг нь танайх авсан гэдэг шүү дээ.

-Тийм юм байхгүй. Худлаа. Өрөм нь Баруун, зүүн Цанхи шүү дээ.

Танайхтай одоо Засгийн газар хэлэлцээ хийж байна уу?

-Ажлын хэсэг байгуулагдаад, хэлэлцээр эхэлчихсэн явж байгаа. Дөнгөж сая Ерөнхий сайд бас аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг дуудаад, “Үндэсний баялгийн сангийн хуулийг бодит ажил хэрэг болгох, Үндсэн хуулийн 6.2-т заасан байгалийн баялгийг ард түмэнд илүү өгөөжтэй байлгах талаар аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллан, гэрээ хэлэлцээр хиймээр байна” гэсэн. Үүнийг бид бүрэн дэмжиж байгаа.

Хэлэлцээрээр юу яригдаж байгаа вэ. Ямар байгаасай гэж та хүсэж байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах салбар бол уул уурхайн салбар шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулчихсан байж байтал гэв гэнэт төр авна гэвэл айж үргээд, хөрөнгө оруулах хүн олдохоо болино шүү дээ. Тийм учраас үүнийг цэгцлэх гэж байна уу гэж бид ойлгож байгаа.

Ажлын хэсэг байгуулагдаад, Ерөнхий сайд өөрөө өнөөдөр хүлээж аваад, аж ахуйн нэгжүүдээ уриалж байна. Энэ уриалгыг бид хүлээж авч байгаа. Үндэсний баялгийн санг үнэхээр бодит ажил хэрэг болгох ёстой. Байгалийн баялгийн татвар ард түмэнд ахиухан очдог байх ёстой.

Хэлэлцээрээс та ямар зүйл хүсэж байна вэ?

-Тоглоомын дүрэм ойлгомжтой, тогтвортой байх ёстой. Хөрөнгө оруулагчийг хөрөнгөө оруулахын өмнө байгуулсан гэрээгээ хөрөнгө оруулсных нь дараа ч барьдаг байх ёстой. Стратегийн орд гэж юуг хэлэх юм. Цаашид байх юм уу. Нэг улстөрч гарч ирээд, улсад авна гээд байвал хөрөнгө оруулах хүн олдохгүй шүү дээ. Стратегийн орд гэж юуг хэлэх юм. Ийм ойлголт байх юм уу, үгүй юү. Ойлгомжтой байх ёстой. Ард түмэнд 50-аас дээш хувийг өгөх ёстой гэдгийг бол хүлээн зөвшөөрч байгаа.

-Танайхаар стратегийн орд гэж байх ёстой юу?

-Стратегийн орд гэх нь буруу гэж би боддог. Одоо эдийн засаг томорч байна. Өшөө томрох ёстой. Стратегийн бүтээгдэхүүн гэж байх ёстой болов уу? Уран, газрын ховор элемент ч юм уу. Хөрөнгө оруулагчид ордынхоо нөөцийг нэмэгдүүлэхээс айдаг гэдэг шүү дээ. Орд нь томроод ирвэл стратегийн орд гээд төр авчихна гэж айдаг. Ийм л юм байж болхгүй. Энийгээ л эргэж харж, өөрчлөх ёстой.

-Төрийн дарамт шахалт хэр байна вэ?

-Биднийг өмнө нь гэрээ хэлэлцээрт ерөөсөө уриагүй шүү дээ. Дуудаа ч үгүй. Бид анхнаасаа л Үндэсний баялгийн санг дэмжиж байгаа. Гэрээ хэлэлцээ хийхэд бэлэн. Бодит шийдэл олох ёстой. Уул уурхайн өгөөж ард түмэнд очдог, тэр нь ард түмэнд мэдрэгддэг, эдийн засагт дорвитой нэмэр оруулдаг, нөгөө талаасаа хөрөнгө оруулагч нартаа хүлээж авахуйц шийдэл байх ёстой. Ийм хэлэлцээрт бид бэлэн байгаа. Мэдээж хуулийн хүрээнд байх ёстой. 1 аж ахуйн нэгж, 1 ордтой биш, бүх аж ахуйн нэгжид ижил үйлчлэхүйц шийдэл олохоор хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн. Хэлэлцээр эхэлчихсэн явж байгаа.

Сонгууль бүрээр “М Си Эс” компани тодорхой нэр дэвшигчдэд хандив өгдөг. Энэ нь “М Си Эс” төрийн толгойд байна” гэж хардахад хүргэдэг.

-Энэ бол зохион байгуулалттай гүтгэлэг. Сонгуульд нэр дэвшигчид аж ахуйн нэгж хандив өгч болно гээд хуульдаа заачихсан байгаа шүү дээ. Тэрний дагуу, хуулийн дагуу өгч байгаа. 1 компани 30 сая төгрөг, 3 компани нийлээд 90 сая төгрөг болно оо доо. Грүпп компани 90 сая төгрөгийн хандив өгч болно. Үүний хүрээнд л бид ил тод өгч байгаа.

-Ямар хүнд хандив өгдөг юм бэ?

-Ямар улсуудыг сонгож өгч байна вэ гэхээр нам үл харгалзан, хулгай хийхгүй, ард түмний төлөө явах, бизнесийн зөв орчин бүрдүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах нэр дэвшигчид л хандив өгч байсан. Хэрэв аж ахуйн нэгж хандив өгөх нь буруу гэж байгаа бол хуулиа өөрчлөөд, өгч болохгүй ээ гэчихвэл бидэнд бүүр амар болно шүү дээ.

-Нэхэж байсан удаа байна уу?

-Тийм юм байхгүй. Хандив өгсөн аль ч гишүүдээсээ юм гуйж үзээ ч үгүй. Гуйх ч үгүй. Уулзаад, холбоотой байгаад байгаа юм байхгүй. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Би бас өмнө нь бас нэг хэвлэлээр хэлж байсан. Бизнесийн эрх зүйн орчинг эрүүл байлгаад өгөөсэй. Татварын орчин зөв байгаасай. Хөрөнгө оруулалт татахуйц эрхзүйн орчныг зөв бүрдүүлэх чадвартай, эрүүл улстөрчид ахиухан байгаасай гэж л бид хандив өгч байгаа. Өөр юм байхгүй.

Татварын орчин сайжруулна гэж байнга ярьж байна. Бодитой өөрчлөлт мэдрэгдэж байна уу. Татварын цаг хуульд та ямар санал өгсөн бэ?

-Татварын багц хуульд ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй вэ гэдэг саналаа Улаанбаатар танхим, МҮХАҮТ-аар дамжуулаад хуулийн төсөлд өгчихсөн.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *