Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт боом өвчнөөр хүн өвчиллөө. Тус сумын нэгэн иргэнийг энэ сарын 16-нд аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд нь боом хэмээн сэжиглэж, Халдвартын тасагт тусгаарлажээ.
Уг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн баг уг өвчтөнөөс сорьц авч, ПГУ (PCR) шинжилгээ хийхэд, эерэг гарсан тул нян судлалын шинжилгээ хийсэн байна. Ийн тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр боом өвчний арьсны хэлбэр (А22.0) болох нь батлагдлаа хэмээн Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв мэдээллээ.
Боом бол өвчтэй мал, амьтнаас хүнд халддаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг.
Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай. Иймд газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй мал өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэм устгах үед гэмтсэн арьс, салстаар халдвар хүнд дамждаг. Иймээс малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс өвчих, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг.
