Монгол Улс “Google Cloud”-тай хамтран кибер аюулгүй байдлын чадавх, хүний нөөцийн ур чадвараа сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр болов. Энэ талаар “Google cloud”-ын кибер аюулгүй байдал хариуцсан захирал Малкольм Палморийг өнөөдөр ЦХИХХ-ны сайд Э.Батшугар хүлээн авч уулзах үеэрээ ярилцлаа.
Олон улсын харилцаа холбооны холбоо (ITU)-той хамтран зохион байгуулсан Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилалт нь бүс нутгийн кибер аюулгүй байдлын хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг бэхжүүлэх Монгол Улсын эрмэлзлийг тодорхой харуулсан арга хэмжээ болсон. Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшинг тодорхойлох судалгаа хийлгэсэн байна. Бодлого, стратегийн чиглэлээр Монгол Улс харьцангуй өндөр үнэлгээ авчээ. Харин стандарт, технологи нэвтрүүлэн, хүний нөөцөө чадваржуулан, халдлага илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, мэдээлэл солилцох, олон улсын хамтын ажиллагааны чиглэлд илүү анхаарал шаардлагатай байгааг илэрхийллээ.