Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нар өчигдөр АН-ын эзэмшилд байж 10 гаруй жил шүүхийн олон шат дамнасан маргаан үүсээд буй газрын талаарх баримт, мэдээлэлтэй танилцлаа. Уг газрын талаарх мэдээллийг тус намын хуульч Ж.Гантуяа болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуульч Н.Ариунболд нар танилцуулав.
Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан нам маань өөрийн гэсэн орон байргүй “айл”, “айлын” хаяа “хэссээр” арав гаруй жил өнгөрлөө. Газрыг нь авч хамтарч байр барихаар тохирсон хүмүүсийн ажилд өнгөрсөн хугацаанд ахиц гарсангүй. Шүүхийн олон шатны маргаантай явж газрын асуудалд гарц гаргаж, намын байраа барих шийдэл олох ёстой. Тиймээс “Ардчиллын ордон”-гоо цогцлоох газрын асуудлыг судалж, шийдэх ажлын хэсгийг ирэх долоо хоногт багтаж байгуулна” хэмээн мэдэгдлээ.

