Сонсгол: Халзанбүрэгтэй хүнд, хөнгөн элемент агуулж буйгаараа бусад ордоос онцлог


Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзанбүрэгтэй орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр (2025.09.23) Төрийн ордонд болж байна. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалж, Халзанбүрэгтэй орд газрын асуудлаарх холбогдох төрийн байгууллага болон шинжээчийн дүгнэлт, мэдээлэлтэй танилцаж байна.

Анх Хүрэнтолгой гэдэг нэртэй байгаад одоо Халзанбүрэгтэй гэх болсон нэгэн уул монголчуудын анхаарлыг татаад удлаа. Энэ уул Улаанбаатар хотоос 1.400 км, Ховд хотоос хойш 60 км зайтай. Олны анхааралд орсон шалтгаан нь энд лантан (La), церий (Ce), иттри (Y), диспрози (Dy), неодим (Nd) гэх ховор элемент байгаа юм.

Халзанбүрэгтэй ордын нөөцийг 1983 оноос анх судалж, 2004.04.05-нд анх ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Уг зөвшөөрлийг Монгол, Америк, Япон зэрэг олон орны компани нэг нэгэндээ шилжүүлсээр одоо “Монголиан рийр ийрт корп” ХХК (Mongolian national Rare Earth Corportion (MNREC) эзэмшиж байна. Уг компани Халзанбүрэгтэйд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхлэх гэхээр нутгийн иргэд эсэргүүцэн, боломж олгохгүй байгаа юм.

Монгол Улс газрын ховор элементийн нийт 3.1 сая тоннын нөөцтэй. Нийт 6 орд илрүүлснээс 4 нь том, 2 нь жижиг орд. Үүнд:

  • Халзанбүрэгтэй 1,511.6 мянган тоннын нөөцтэй орд,
  • Мушгиахудаг 314,3 мянган тоннын нөөцтэй орд
  • Хотгор 1,213.7 мянган тонны нөөцтэй орд
  • Лугийн гол 14.5 мянган тоннын нөөцтэй орд

Үүнээс Мушгиахудаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын болон аж ахуйн нэгжүүдийн төсвөөр газрын ховор элементийн хайгуул хийсэн.

Газрын ховор элементтэй ордод уран, тори, кали гэх мэт цацраг идэвхт элемент дагалдах нь бий. Үүнийг нарийвчлан судалж, байгаль орчинд үзүүлэх нөлөөг тогтоох шаардлагатай. Гэтэл нутгийн иргэд Халзанбүрэгтэйг олборлож эхэлбэл цацрагт идэвхт бодис нь идэвхжиж, Их нууруудын хотгорын байгаль, хүн, амьтанд сөргөөр нөлөөлнө хэмээн эсэргүүцдэг.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр:

-Дэлхийн хэмжээнд БНХАУ газрын ховрын элементийн хамгийн их нөөцтэй. Олборлолтоор ч Хятад улс тэргүүлж байгаа. Их хэмжээний буюу 68 хувийн нөөц нь Өвөр Монголд бий. БНХАУ-ын араас АНУ, Тайланд улс эрэмбэлэгдэж байна. Сарнил ихтэй, олдоц ховор металлуудыг газрын ховор элемент гэж нэрлэдэг.

Монгол Улсын хувьд газрын ховор элементийн судалгааг эрт эхлүүлсэн. Судалгаанд тулгуурлан хувийн хэвшлүүд тодорхой хэмжээний хайгуул, судалгаа хийсэн. Нийт дүнгээр харвал бид 1 тэрбум гаруй хүдрийн нөөцтэй. Ислээр бол 3.1 сая тонн нөөцтэй гэж дүгнэж болно. Дорноговь аймгийн Хатанбулаг, Ховд аймгийн Мянгад, Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр суманд нөөц бүхий орд тогтоогдоод байгаа.

Газрын ховор элемент Дэлхийн хэмжээнд асуудал үүсгэсэн сэдэв болоод байгаа. Улс орнууд газрын ховор элементийн нөөцөө нэмэгдүүлэх сонирхолтой. Энэ нь далд хэлбэрийн хүйтэн дайны түвшинд хүрэхээр байна гэж хэлж болно. 

Халзан бүрэгтэй ордын өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрөл олгосон байдлын талаар шинжээч танилцуулав. Шинжээч:

-5 аймгийн нутагт 6 орд газар бий. 1 нь шороон орд. Нөгөө 5 нь үндсэн орд. Газрын ховор элемент хүнд, хөнгөн гэсэн хоёр хэлбэртэй. Халзанбүрэгтэйгээс бусад нь хөнгөн элементтэй. Харин Халзанбүрэгтэй хүнд, хөнгөн элемент агуулж буйгаараа бусад ордоос онцлогтой.

Зөвлөлт, Монголын эрдэм шинжилгээний хамтарсан экспедицийн хээрийн судалгаагаар 1987 онд анх Халзанбүрэгтэйд газрын ховор элементийн хүдэржилт байгааг тогтоосон. 2011 оноос тусгай зөвшөөрөл олгож эхэлжээ.

“Монголиан нэшнл рийр эйрт корп” ХХК (Mongolian national Rare Earth Corportion (MNREC) өнөөдрийн байдлаар 4 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Нөөцөд үндэслэн ТЭЗҮ боловсруулжээ. Үүгээр хүчин чадал 5 сая, ашиглах хугацаа 39 жил, ашиглах технологи нь ил уурхай. Нийт 24 сая тонн баяжмал гаргахаар төлөвлөсөн байна. 2022, 2023 онд хайгуул хийж, 99 цооног өрөмджээ.

2023 оны ТЭЗҮ-ээр бол хэрэв ашиглаж эхэлбэл Эрдэнэт, Цайрт минерал, Шивээ-Овоотой адил ил уурхай үүснэ. Хэрэв үйлдвэр ашиглалтад орвол шингэн шил, шохой, полиакриламид, MIBC (Methyl Isobutyl Carbinol) зэрэг органик химийн бодис ашиглахаар төлөвлөжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *