Палестины тусгаар тогтнолыг Франц улс хүлээн зөвшөөрч буйг Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон НҮБ-ын уулзалтын үеэр зарлалаа. Эмманюэль Макрон уг мэдэгдлийн дараа “Энх тайвныг сахиулах цаг боллоо” хэмээн хэлж, “Газын бүсэд үргэлжилж буй дайныг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй” хэмээн онцлов.
Ням гарагт Их Британи, Канад, Австрали болон Португал зэрэг улс Палестиныг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд ардаас нь Бельги, Люксембург, Мальта, Андорра болон Сан-Марино зэрэг улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр зэхэж байна.
Израилын эсрэг олон улсын хориг арга хэмжээ улам ихсэж байна. “Палестины зэвсэгт бүлэглэл Хамасын 2023 оны 10-р сарын 7-нд Израилын өмнөд хэсэгт хийсэн халдлагад ойролцоогоор 1.200 хүн амиа алдаж, 251 хүн барьцаалагдсан” гэж Израилын тал мэдэгджээ. Израилын Ерөнхий сайд “Палестиныг хүлээн зөвшөөрөх алхам нь терроризмыг хөхиүлэн дэмжсэн үйлдэл болно” гэж мэдэгдсэн.
Газын зурваст үйл ажиллагаа явуулдаг Хамас бүлгийн харьяа Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Израилын зүгээс явуулсан цэргийн ажиллагааны улмаас 65.000 гаруй палестин хүн амь үрэгдсэн гэнэ. Израилын арми одоогоор Газа хотыг бүрэн хяналтдаа авах зорилгоор газрын дайралт хийж байна.
Эх сурвалж: BBC News