Гадаа хүйтний эрч чангарч эхлэхтэй зэрэгцээд эрчим хүчний салбарт ирэх дуудлага тасрахгүй байна. Ослоос үүдэж, хүний амь эрсэдсэн тохиолдол хүртэл гарчээ. Энэ талаар салбарын сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
-Хөтөл дэд станцад гэмтэл гарснаас үүдэж, хүн нас барсан гэдэг үнэн үү?
-Золгүй явдал болсон нь үнэн. Төлөвлөгөөт засвар хийх үеэр Хөтөл дэд станцын дэргэд машины жолооч осолдсон. Ослын шалтгааныг хууль хяналтын байгууллага тодорхой болгох байх. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компани болоод манай яамнаас хүмүүс очиж, газар дээр нь ажилласан. Энэ асуудалд хүн ёсоор хандах учиртай. Золгүй явдал уу эсвэл үйлдвэрлэлийн осол байсан уу гэдгийг одоогоор хараахан тогтоогоогүй байна.
-Тухайн ажилтан цахилгаачин байгаагүй юм уу?
-Жолоочийн ажил үүрэгтэй хүн байсан.
-Тогонд цохиулж нас барсан гэдэг мэдээлэл байна?
-Тэрийг шүүх шинжилгээний хариу гарахаар тодорхой мэдээлэх боломжтой.
-Осол яг хэзээ болсон юм бол?
-9-р сарын 13-14-ний үеэр болсон. Шөнө оройн цагаар осол гарсан. Эхлээд эмнэлэгт хүргэсэн юм байна лээ. Өөрсдийгөө өмөөрч байгаа юм биш. Техник, технологийн элэгдэл хорогдол манай салбарт их болсон нь осол аваарын шалтгаан болж байгаа нь нууц биш. Бид чадан ядан эрсдэлийг бууруулахаар ажиллаж л байна. Гэвч үйлдвэрлэлийн саатлуудыг бүрэн зогсоож дийлэхгүй байгаа. Энэ бүхнийг шийднэ гэвэл хэдэн их наядын хөрөнгө мөнгө шаардлагатай.
-Эрчим хүчний салбарт өөр осол бас гарч, хүн түлэгдэж бэртсэн тухай мэдээлэл байна?
-Эрдэнэт үйлдвэрт гал гарсан. Цахилгаан дамжуулах кабелиас гал алдаж, улмаар Эрдэнэт дэд станцад гал гарсан.
-Хөдөлмөр хамгаалал хангалтгүй байсан юм болов уу?
-Хөдөлмөр хамгааллыг бид дээд зэргээр анхаардаг. Эрдэнэтийн гал бол хэдэн жилийн өмнө тавьсан кабелиас үүдэлтэй. Эрдэнэт үйлдвэрээс Эрдэнэт дэд станц хүртэл гал гарсан.
-Үүнээс болж Эрдэнэт үйлдвэр бүрэн зогссон гэдэг мэдээлэл байгаа?
-Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл алга байна. Шинжээчийн дүгнэлт гарах байх.
-Энэ том ослуудаас болж, хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна. Үүнд хариуцлага хүлээж байгаа хүн бий юү?
-Дийлдэшгүй том осол дээр, ашиглалтын хугацаа дууссан тоног төхөөрөмжөөс үүдэж, хүний хүчин зүйлээс хамаарахгүй гарч байгаа осол аваарыг яаж ч болохгүй байна. Үнэхээр хүнд байгааг нуухгүй.
-Баярлалаа.