Монголын говиос олдсон цултолгойт буюу хамгийн эртний нэн ховор үлэггүрвэлийн тухай Дэлхийн алдартай “Nature” сэтгүүл нийтэлжээ. Цултолгойт хэмээн нэрлэдэг энэ үлэггүрвэлийн толгойн орой буюу зулайн хэсэг нь овойж, бөмбөгөр хэлбэртэй болон хөгжсөнөөрөө бусад зүйлийн үлэггүрвэлээс ялгардаг. Цултолгойтын биеийн хөгжил, анатомийн бүтэц нь өнөөг хүртэл тодорхойгүй байв. Учир нь эдгээр амьтдын чулуужсан үлдвэр маш ховор олддог. Дэлхийн хамгийн ховор үлэггүрвэлийн нэг ажээ.
Тэгвэл Монголоос олдсон цултолгойт гавал болон биеийн хэлхээ яснаас бүрддэг. Бие нь 80 см орчим урт, 5.85 кг жинтэй, өвсөн идэшт цултолгойт үлэггүрвэлийн чулуужсан үлдвэр юм. Тус олдвор нь дал, бугалга, нурууны үеүд, аарцаг, хойд мөч, нарийн шөрмөсөөр бүрхэгдсэн сүүлний үеүд, ходоодны чулуу зэргээс бүрдэж байна. Энэ нь палеонтологийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн цултолгойт үлэггүрвэлүүдээс хамгийн сайн бүрдэлтэй олдворт тооцогдож байна.
Шинжлэх ухаан академийн Палентологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ц.Чинзориг, Х.Цогтбаатар, эрдэм шинжилгээний ажилтан Б.Буянтэгш, Б.Майнбаяр нар АНУ-ын Хойд Каролинагийн их сургуулийн судлаачидтай хамтран, уг судалгааны үр дүнг “Nature” сэтгүүлд нийтлүүлжээ.
Хоёр орны судлаачдын хамтран зохион байгуулсан хээрийн судалгааны дүнд нэгэн сонирхолтой олдворыг Монгол орны түрүү цэрд буюу өнөөгөөс 108-115 сая жилийн тэртээ хуримтлагдсан чулуулаг тархдаг Хүрэндух гэх газраас олжээ. Уг судалгааны үр дүн нь өнөөдөр Дэлхийн үлэггүрвэл сонирхогчид болон палеонтологчдын анхаарлыг татаж байна.
Энэхүү шинэ үлэггүрвэлийг судлаачид ховор олдвор, амьдарч байсан геологийн цаг үе, хээрээс олдсон байдал зэргийг илэрхийлж Zavacephale rinpoche (Завасефале ринпочи) буюу “Анхны цултолгойт”, “ховор, нандин” хэмээх утгатай үгсийн нийлэмжээр нэрлэн, шинжлэх ухаанд бүртгүүлжээ.
Zavacephale нь цултолгойт үлэггүрвэлийн гарын хэсгүүд, ходоодны чулуу зэрэгтэй олдсон хамгийн анхны олдвор гэдгээрээ онцлог юм. Тус амьтны толгой, биеийн хэсгүүдийн анатомийн шинжүүд болон чөмөгний ясанд хийсэн эдийн судалгаагаар тус бодгал нь насанд хүрсэн болохыг илтгэж байгаа аж. Геологийн цаг хугацааны хувьд Zavacephale нь цултолгойт үлэггүрвэлүүдийн хамгийн эртний зүйлд тооцогдож байна.