Орхон аймагт төрийн өмчийн 17 сургуульд нийт 24.800 сурагч суралцаж байна. Тэдний 11.350 нь “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж, 5 өдрийн 4-т нь иж бүрдэл халуун хоол, 1 өдөр иж бүрдэл цагаан хоол иддэг гэнэ.
Тус аймгийн сургуулиуд гал тогоогоо бусдад түрээслүүлэхээ больж, сургуулийн захирлууд “Үдийн хоол”-ыг хариуцдаг болжээ. Үүний үр дүнд хоолны илчлэг 20-30%-аар нэмэгдсэн байна. Энэ хичээлийн жилд өнгөнд суурилсан нэгдсэн цэс гарган, бүх сургуульд мөрдүүлж буй аж. 4 өдөр жимс жимсгэнэ, 3-4 өдөр сүү, сүүн бүтээгдэхүүн өгөхөөр төлөвлөж, өдөр бүр 5 бүлэг хүнсийг зохистой хэмжээтэй байлгах юм байна.

17 сургуулийн 15 сургуулийн сурагчид хоолны танхимд, 2 сургуулийн сурагчид ангидаа хооллож байна. “Үдийн хоол”-ыг нь хоолны танхимд өгснөөр сурагчид хооллох соёлд суралцах, багш нарын хоол зөөх ажлыг хөнгөвчилжээ.
Үүний зэрэгцээ орон нутгийн төсвөөс мөнгийг нь гарган, төрийн өмчийн 17 сургуулийн 6-9 дүгээр ангийн 8722 хүүхдэд өдөр бүр 1 аяга сүү өгч байна.


