С.Бямбацогт: Эмнэлгүүд нэмэлт санхүүжилт авахын тулд хуурамч өвчний түүх бичсэн нь илэрсэн


“Эмнэлгүүд нэмэлт санхүүжилт авахын тулд өвчний хуурамч түүх бичсэн зөрчил илэрсэн. Эмнэлгүүд санхүүжилт авахын тулд ханиадтай өвчтөнийг хатгаа авсан гэж, шинжилгээ өгөх хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх гэх мэтээр Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг хэт үрэлгэн байдлаар зарцуулдаг. Үүнээс болж Эрүүл мэндийн даатгалын сан доголдож, өр үүссэн нь шалгалтаар урьдчилсан байдлаар тогтоогдож байна” гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр /2025.09.23/ мэдээллээ.

Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, цаашид тус сангийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт ахалж байгаа юм. Уг ажлын хэсэг шалгалтаа дуусган, дүнгээ нэгтгэж буй аж. Зарим ноцтой асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах юм байна.

Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн сэтгүүлчдэд “Засгийн газрын хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Эрүүл мэндийн даатгалын санд 316 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсээд байсныг Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд байхдаа төлж барагдуулсан. Ийм байхад энэ оны эхний найман сарын байдлаар дахин 142 тэрбум төгрөгийн өр үүссэн. Үүнээс 130 тэрбум нь эмийн өр. Үүнээс болж, эм ханган нийлүүлэх компаниуд эмээ нийлүүлэхээ болих нөхцөл үүсээд байна. Санхүүжилтээ эмнэлгүүдэд ялгаж өгдөг зүйл ажиглагдсан. Боломжтой газруудад санхүүжилтийг 100 хувь өгчихөөд хэрэгцээтэй газар нь өгөхгүй өр үүсгэж байгаа асуудлыг шийдэх шаардлагатай” гэж мэдээлсэн юм.

Ееее


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *