Нүүрс дагасан хулгай нүүрээ хувирган орж ирэв үү


Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц урт хугацааны гэрээг БНХАУ-ын “Чайна-Энержи”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хороонд байгуулсан уу гэдэг асуулт өнөөдөр хариултгүй байна. Нүүрсээ тонн тутамдаа хэдэн төгрөгөөр өгөх нь тодорхойгүй байна. Үнэхээр Хятадын компанитай 16 жилийн хугацаанд Монгол Улсыг 70 тэрбум төгрөгийн өрөнд оруулах нууц гэрээг үзэглэсэн үү гэдэгт хяналт тавих ёстой юм.

Угтаа бол Монголын экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг нүүрсний үнэ, нөхцөлийг А, Б-гүй хэлж байх учиртай гэрээг үзэглэсэн үеийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, өнөөгийн сайд Г.Дамдинням нар гэрээний нарийн ширийнийг мэдээгүй, хэдэн төгрөгөөр борлуулах талаар мэдээлэлгүй суугаа нь Монгол төрийн бодлого хаахна явааг илтгэх мэт.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд энэ талаар юу гэж дурдсаныг эхлээд харъя.

  • 1.Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулах, одоо байгаа болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах зарчим баримтлан, тухайн орд газруудыг урт, удаан хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулагч хуулийн этгээдүүдтэй хууль тогтоомжийн дагуу хэлцэл хийж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусган төсөл, хөтөлбөрүүд болон эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
  • 2. Энэ тогтоолын 1.1 дэх заалтыг хэрэгжүүлэхдээ урт хугацааны гэрээний үндсэн дээр иж бүрэн цогцоор нь ашиглах талаар олборлолт, тээвэрлэлт, экспортыг гүйцэтгэх хамтрагч, хөрөнгө оруулагчдад санал болгож, хэлцэл хийх замаар эргэлтэд оруулах гэжээ.

Хэлцлийг ил тод нээлттэй, үр ашигтай хуулийн дагуу хийхийг уг тогтоолд тод томруун тусгаж өгсөн байна. Харамсалтай нь сэм хуйвалдаж, нам дардаг технологиор Хятадын “Чайна-Энержи”, Монголын “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд Монгол Улсад ямар ч ашиггүй байж мэдэхээр гэрээг үзэглэв бололтой.

Тавантолгойн бүлэг ордын 95 хувийг улс эзэмшдэг. Зөвхөн сүүлийн хоёрхон жилийн хугацаанд хил нөхцөлөөр биржээр нүүрсээ борлуулснаас хойш Баялгийн санд мөнгө хуримтлуулах, иргэд бага ч болтугай хувиа хүртдэг болсон. Үүнээс өмнөх бусад бүх цаг үед алдагдалтай ажиллаж, ам нөхцөлөөр нүүрсээ урагш зөөж, хэдхэн нүүрс дагасан баялгийн хулгайчид өм цөм баяжсан гашуун түүх бий. Арай гэж задарсан энэ хулгайн схем ахин амь орох гэж дуншиж байгааг үгүйсгэх аргагүй. Тавантолгойн бүлэг ордод хулгайн гар лав шургалах бас нэгэн далд гэрээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар буухаас өмнө УИХ-ын чуулган тарсан хойно Эдийн засгийн байнгын хороог хуралдуулан байж үзэглэхийн учир юу байв.

Уул уурхайг улдан эсэргүүцэх “тэмцэгчид” өнөөдөр ийм луйврын шинжтэй гэрээг ул суурьтай уншиж судлан “орилолдож” байх ёстой

Уг нь УИХ-аас хоёр талын гэрээг оновчтой, шударга, ил тод болгож, нэг тонн нүүрсний үнийг зөв тогтоон, олон нийтэд зарлах талаар чиглэл өгч буцаасан байдаг. Гэтэл нуухыг нь аваад нүдийг нь сохлохын үлгэрээр чиглэлийг үл тоон “Чайна-Энержи”, “Эрдэнэс Тавантолгой” гэсэн хоёр компанийн дунд 16 жилийн хугацаанд хэрэгжих, учир битүүлэг гэрээ намрын чуулган дөнгөж эхэлмэгц орж ирсэн нь УИХ-ын гишүүдийг ч, олон түмнийг ч будилуулж орхилоо. Хаврын чуулган завсарласны хойно, намрын чуулган дөнгөж эхэлмэгц ийнхүү зүтгүүлэхийн цаад учир нь юу вэ?

Уг нь манай улс парламентын засаглалтай. УИХ-ын гишүүдийн тоогоо 126 болгон өөрчилж, сэм хуйвалдаан, нам явалдааныг зогсоох оролдлого хийсэн анхны парламент шүү дээ. Гэтэл гишүүдийн дийлэнх нь энэ талаар огт мэдлэггүй, бүр огт сонсоогүй суух нь нам дардаг технологи нарийн хэрэгжсэнийг илтгэж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хоёр компанийн хооронд үзэглэсэн гэх гэрээний талаар гишүүдийн асуусан асуултад хариулахдаа “Би мэдээгүй. Ямар үнэтай байх, хэдэн жилийн гэрээ байгуулсан талаар хэлэх юм алга” гэв. Одоогийн салбарын сайд Г.Дамдинням ч энэ талаар дорвитой дуугарч чадахгүй байна. Ялангуяа шинээр хөрс хуулах талбайн талаар, ямар гэрээгээр яаж олборлох, үндэсний компаниуд хэрхэн оролцохыг бүр ч яриад хэрэггүй бололтой.

Ц.Туваан, Г.Дамдинням нар нүүрсээ хэдэн төгрөгөөр борлуулах талаар мэдээлэлгүй суугаа нь Монгол төрийн бодлого хаахна явааг илтгэх мэт

Монголын хөрөнгийн биржээр нүүрс борлуулж эхэлснээс хойш улсын сан хөмрөгт хувь нэмрээ оруулж, нэн шинэ түүхийг бичилцэж байсан цаг саяхан. Гэтэл энэ гэрээ Хөрөнгийн биржийн энэ дэвшилд дэгээ тавих учиргүй.

Эдийн засгийн байнгын хорооны хурал, УИХ-ын Үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны хурал дээр ч тэр нүүрсний үнийн талаар нэг ч дорвитой тоо баримт байхгүй, зөвхөн 16 жил ашиглана гэсэн ерөнхий гэрээг зүтгүүлж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ж.Золжаргал гэсэн хэдхэн гишүүн л дуугарч байгааг эс тооцвол нам жим өнгөрөх бололтой.

Үнэхээр Монгол Улс 10 тэрбум долларын зөрүү, алдагдал хүлээж байгаа юу. Хил дээр төмөр замаа холбох гэрээгээр халхавчлан 15 тэрбум долларын цавчаа хийсэн байж болох нөхцөл байдал үүссэн үү гэдэг асуудлын хажуугаар ямар ч төрийн түшээд дуугүй өнгөрч болохгүй баймаар. Бодлого тодорхойлох УИХ-ын гишүүд дунд уул уурхайг улдан эсэргүүцэх “тэмцэгч” улам олширсон. Тэд өнөөдөр улсын хөгжлийг боомилох, гацаах тухай биш, ийм улаан цагаан луйврын шинжтэй гэрээг ул суурьтай уншиж судлан “орилолдож” байх ёстой санагдана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *