АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт АНУ-ын эрүүл мэндийн бодлогын төвд хандаж, аутизмын шалтгааныг хүүхдийн вакцин болон эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ “Tylenol” (парацетамол) эм ууж байгаатай холбон тайлбарлаж, шинжлэх ухааны нотолгоонд суурилаагүй мэдэгдэл хийсэн билээ. Цагаан ордонд даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Трамп жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдийн эцэг эхчүүдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, өвчин намдаагч эм хэрэглэхгүй байхыг дахин дахин захиж, мөн хүүхдийг бага байх үед нь олон төрлийн вакцин зэрэг хийлгэхгүй байхыг санал болгосон юм.
Тэгвэл Европын Холбоо болон Их Британийн эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн байх үедээ парацетамол уух нь аюулгүй гэдгийг баталж, Дональд Трампын “Парацетамол” эмийг аутизмтай холбосон анхааруулгыг няцаажээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мягмар гарагт баримт нотолгоо тогтмол бус байдгийг онцолж, хүмүүст дүгнэлт хийхдээ болгоомжтой байхыг зөвлөв.
Европын Эмийн Агентлаг мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ жирэмсэн үед “Парацетамол” хэрэглэх талаар одоогийн зөвлөмжийг өөрчлөх шаардлагатай шинэ баримт нотолгоо байхгүй гэж мэдэгдэв. Мөн тэд “Одоогоор байгаа нотолгоонд жирэмсэн үед “Парацетамол” хэрэглэх нь хүүхдийг аутизмтай болгодог гэх баримт байхгүй байна” гэж онцлон, шаардлагатай үед “Парацетамол” хэрэглэж болох ч хамгийн бага тунгаар, бага давтамжтай хэрэглэхийг зөвлөв.
Даваа гарагт Их Британийн эрүүл мэндийн зохицуулагч агентлаг мөн “Парацетамол”-ын хэрэглээг аюулгүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNBC