Кандитат мастер Ч.Нандинжигүүр тэргүүлэгчдийн эгнээнд явж байна


Казахстан улсын Алматы хотод өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, 87 орны 800 гаруй шатарчин өрсөлдөж байна. 8, 10, 12 насны ангиллаар зохион байгуулж энэ тэмцээнд манай улсаас 5 дасгалжуулагчийн удирдлага дор 27 шатарчин оролцож байна.

Тэмцээний эхний таван өргийн дараа охидын 10 насны ангилалд кандитат мастер Ч.Нандинжигүүр тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Түүний хувьд эхний таван өрөгтөө бүгдэд хожиж, таван оноогоо бүтэн авлаа. Охидын 12 насанд кандитат мастер И.Цэлмүүн, Н.Энхрийхэн нар 4.0 оноотойгоор шилдэг 10-т багтаж байна.

Хөвгүүдээс 10 насанд оролцож буй Д.Төгсбилгүүн 10 дугаар байрт явна. Шатарчид дахин зургаан өрөг тоглож, шилдгүүдээ тодруулна.

Өсвөрийн шатарчдын ДАШТ-ээс манай улс түүхэндээ 13 медаль авчээ. Үүний 4 нь алт, 4 нь мөнгө, 5 нь хүрэл медаль. Анхны медалийг 2001 онд Гавъяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул эх орондоо авчирч байв. Анхны алтан медалийг 2010 онд их мастер Д.Номин-Эрдэнэ хүртжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *