Ногоочдын “наадам” намрын ногоон өдрүүд эхэллээ


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, тухайн жилийн ажил үйлсээ дүгнэн хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэхэд эхэллээ.

Өдгөө 18 дахь жилдээ зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээ 28-нд өндөрлөнө.

Төв цэнгэлдэхийн гадна талбайд төмс, хүнсний ногоо голдуу зарж байна. Харин дотор лангуунуудад нарийн ногоо голчлон дэлгэжээ. Мөн модон эдлэл, гар урлал, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэнг нэг дор харж болно.

Энэ жилийн намрын ногоон өдрүүдэд Монгол орны хөрсөнд ургасан ногоон шошго бүхий органик үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн давамгайлсан нь онцлог байлаа. Хамгийн түгээмэл борлуулж байгаа бүтээгдэхүүн нь зөгийн бал. Хаврын, зуны, намрын гэж ангилахаас гадна төрөл бүрийн цэцгийн тоосоороо ялгаатай өнгө бүрээрээ алаглажээ.

“Үлэмж органик” компанийн гүйцэтгэх захирал Б.Далайжаргал “Органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчид таних нь чухал байна. Манай компанийн хувьд сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд бүх дамжлага органик байх шалгуурыг тавьдаг. Жишээлбэл, хөрс элдэв бордоогүй эрүүл байх ёстой, цаашлаад үнээний ферм органик байна, өвс тэжээл нь эко байж гэмээнэ сая эцсийн бүтээгдэхүүн жинхэнэ ногоон шошготой гарч байгаа” гэдгийг онцоллоо.

Нүүрс ус, уургийг нэг дор агуулсан бүтээгдэхүүн бол мөөг юм. Хусны мөөгийг тарималжуулж нунтаг, хатаасан, дарсан мөөг үйлдвэрлэжээ. Мөөг нь цухуйж гарч ирснээсээ хойш зургаахан хоногийн дотор ургац хураахад бэлэн болдог ашигтай, тарьж ургуулахад амархан ургамал юм байна. Заавал ямар нэгэн хүлэмж, эсвэл тугай байр шаардахгүй өөрийн амьдарч байгаа газартаа мөөг ургуулах бичил орчин бий болгож тарьж, хүнсэндээ хэрэглэж болохыг хэллээ.

Энэхүү арга хэмжээнд нийслэл, орон нутгийн 500 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 3000 орчим нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр зорьжээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *