Урдах ажлаа хийе, улс төрөө больё


Нэгдүгээрт эрүүл мэнд, хоёрдугаарт боловсролын салбартаа анхаарсан төсөв хийх 300 мянга шахам иргэдийн захиалгыг Засгийн газар ойлгосонгүй. Ерөнхий сайд Г.Занданшатар анх удаа төсвийн төсөл тэргүүлж байгаад учир бий гэхээсээ боловсролын салбарт тогтолцооны шинэчлэл хийх эр зориг нь ч, багийнх нь чадвар ч дутуу харагдана. Засгийн газрын өргөн барьсан төсвийн төслийг хэлэлцэж батлах парламентын даргын хувьд Д.Амарбаясгалан 2026 оны төсвийг төлөвлөсөн баримт бичгийн төсөлд сэтгэл дундуур байгаагаа чуулганыг нээж хэлсэн үгэндээ ажил хэрэгчээр илэрхийлсэн. Засгийн бодлогын “усыг” шахах бодит шүүмжүүдийг спикер өдүүлсэн нь өдгөө өрнөж буй хэлэлцүүлгүүдийн “гал” болж байна.     

МАН-ын даргад горилогч Ерөнхий сайд Г.Занданшатар урдах ажлаа хийе, улс төрөө больё гэлээ. Түүний урд байгаа хамгийн гол ажил Монгол Улсын 2026 оны төсөв. МАН-ын даргад Ерөхий сайдтай өрсөлдөх УИХ-ын дарга Д.Амарбаясгалан долоо хоногийн өмнө л төсвийн төсөлд төвлөрч эхэлсэн. Хоёр сандал зэрэгцүүлээд дээр нь гурван хүүхэд чихэлдэн сууж буй дүр зургаас ургасан боловсролын төсөв хийх ёстой атал Засгийн газар ажилласангүй. 2025 онд боловсролын салбарын зарцуулахаар батлагдсан төсвөөс 2026 онд нэмэгдээгүй буюу 400 орчим тэрбум төгрөгөөр бага байхаар төсөвлөснийг өнгөрсөн сард болсон иргэдийн оролцоотой хэлэлцүүлгийн үеэр ажиглагчид шүүмжилсээр л байсан. Иргэд боловсролын салбарт хөрөнгө оруулж сургууль, багшийн хүрэлцээгүй байдлыг даруй халахыг шаардсаныг УИХ-ын дарга Засгийн газарт сануулж, өргөн мэдүүлсэн төсөвт нь боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй орж ирснийг Д.Амарбаясгалан хамгийн түрүүнд асууж, “Энэ төсөв хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд тулгараад байгаа бэрхшээлүүдийг шийдэхэд нэмэр болж чадахгүй” хэмээсэн.

Д.Амарбаясгалан “Сүүлийн 10 жилд сурагчдын тоо 43.7 хувиар өссөн бол багшийн тоо ердөө 24.9 хувиар нэмэгдсэн байна. 2016 онд шинэ багш нарын 4.3 хувь ажлаа орхисон бол 2022 онд энэ үзүүлэлт 12.7 хувьд хүрчээ. Хими, биологи, англи хэл, мэдээллийн технологийн багш нар илүү өндөр үнэлэмжтэй бусад салбарт шилжиж байгаа нь нөхцөлийг улам хүндрүүлж байна. Үүний улмаас өнөөдөр төрийн өмчит сургууль, цэцэрлэгт 5 мянга гаруй багшийн бодит дутагдал үүссэн. Энэ тоо ойрын 3 жилд өсөж сургуульд 14 мянган багшийн дутагдал үүсэхээр байна” гээд багшийн цалин урамшууллыг уян хатан болгож, ажлын ачааллыг шударгаар үнэлэх, орчин нөхцөлийг шинэчлэх, ил тод, шударга үнэлгээний тогтолцоо бий болгохыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн төсөлд чинь тогтолцоогоор нь өөрчлөх дүр зураг харагдахгүй байгааг Засгийн газарт хэллээ. Энэ бол Ерөнхий сайдын яриад байгаа ч огтоос оролдоогүй “урдах ажил” нь байсан юм. 

“Өнөөдөр нэг ангид 70 хүүхэд сурч байгааг хараад төсөв байхгүй гэж шалтаглах эрх бидэнд байхгүй. Улсын хэмжээнд 124 сургууль хэт өндөр ачаалалтай байна. Анги дүүргэлтийг 40 хүүхдээс хэтрүүлэхгүйн тулд нийт 108 сургууль шинээр барих шаардлагатай. Үүний өртөг нь 1.6 их наяд төгрөг болно. Асуудлыг ирэх 3 жилдээ үе шаттай шийдэхэд жил бүр 36 сургууль, 32 цэцэрлэг барих төсөв зайлшгүй хэрэгтэй” гэж Д.Амарбаясгалан хэлсэн. УИХ-ын дарга Засгийн газрын төслөөс хөрөнгө оруулах арга зам, гарц шийдлийг нь хайгаад олсонгүй. Ерөнхий сайд Г.Занданшатарын урдах ажил “унтжээ”.  

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *