Хэрэг нь болбол хэрэг хэрэг болдог. Хэрэг нь болоогүй бол хэрэг хэрэг биш байдаг. Үнэхээр тийм л юм болоод байна. “Нүүрсний хулгай 2” гэж Б.Энхбаярын нэрлэсэн хулгай гараад жил болж байхад, Монгол Улсад хулгайч халдсаныг бүгдээрээ саяхан л сонсож байх шив. Гэрээсээ эд алдвал жилийн дараа хулгайчийг илрүүлэхээр явдаг тэнэг байдаг юм уу. Улс нүүрсээ алдахад, жилийн дараа л мэдэж байна даа. Мэдлээ гээд хэрэг байна уу, ер нь.
Х.Баттулгыг нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй төмөр зам тавьсан тухай улс даяараа шуугьж шуугьж, чимээгүй болсон. Шидтэн нь одоо шоронд биш, Төрийн ордонд дуртай үедээ хурал таслаад, тааламжтай үедээ хуралд морилоод явж л байна. Хөгжлийн банкны гэх хэрэг сая л шүүхээр шийдэгдлээ.
Нүүрсний гэж тодотгосон хэрэг нь сүүлдээ нүүрстэй холбоотой хэрэг биш болж хувиран, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёрыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ялласан. Энэ хэргийг шүүсэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг “Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй. Энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна” гэж 2024.09.12-нд мэдэгдсэнийг сануулъя.
МАН-ын даргын сонгуультай холбоотойгоор ноцтой цуврал хулгай илэрч байгаа нь сайн ч шийдэгдэхгүй гэхээр муухай л байна
2007-2012 онд МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Ганбаатарыг одоо шалгаж байна. 2012-2014 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин гишүүнээр бас оролдоод эхэлжээ. “Нүүрсний хэрэг 1” гэдэг нь замхарч алга болсон байхад “Нүүрсний хулгай 2” гэдэг ээлжит хэрэг гарч ирэв. Цуврал кино шиг энэ заваарсан юмыг улс төрийн цуврал намнаа гэж нэрлэвэл таарна.
“Нүүрсний хулгай 2” гарч байгааг мэдсэн атлаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр яагаад тэр даруй холбогдох хүмүүст нь хандаад, зогсоохгүй яав. Ядах нь ээ, сая сэтгүүлчдийг цуглуулаад, мэдээлсэн шигээ тэр үед мэдээлэх боломж түүнд байсан шүү дээ. Хэрэг болохоор нь хэлнэ гээд цээжиндээ хадгалчихсан нь тодорхой байна. Тэрийгээ “Л.Оюун-Эрдэнэ миний чаатанд зүрх дардаг” гэсэн хоржоонтой юм ярьж, иргэдийг төөрүүлэхээр оролдсон.
Түүний араас Б.Энхбаяр дараагийн баримтуудыг дэлгэв. МАН-ын бага хурал хуралдахаас 3 хоногийн өмнө маш ноцтой олон зүйл ярив. Энэ намын даргын сонгуультай холбоотойгоор ноцтой цуврал хулгай илэрч байгаа нь сайн ч шийдэгдэхгүй гэхээр муухай л байна. Тавантолгой гэдэг орд газарт сүнс нь хоргодчихсон улс олон байна. Эрх баригч нам, намын эрх баригч хүмүүс энэ ордоос цуврал хулгай хийж, өмнөх хулгайчаа дараагийнх нь илчилж, “Хулгайчийг бариарай” гэж хулгайч хамгийн чанга хашхирч байна.
Хэрэг болохоор нь хэлнэ гээд цээжиндээ хадгалчихсан нь тодорхой байна
Б.Энхбаярын ярилцлагын араас Д.Амарбаясгалан өчигдөр сэтгүүлчдийн өмнө өөрийгөө өмөөрч, “Ц.Чулуунзагдыг 2 жилийн өмнө барьж хорихгүй яасан юм” хэмээн ам асууж, “Энэ хагарал Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын хов зөөж, амь зогоодог хүмүүсийн хийдэг ажил” хэмээлээ.
Түүний өгсөн хамгийн гол агуулга бол “Эрх баригч нар эргээд уулзах нүүртэй байдаг гэдгийг тэдгээр хүмүүс анзаараагүй” гэсэн өгүүлбэр. Үнэн. ЖДҮ, Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд тоочиж барагдахгүй олон хэрэгт гэмтэн олдоогүй шалтгаан нь энэ. МАН-ын сонгууль дуусаж, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын зодоон намжихад, “Нүүрсний хэрэг 2” цуврал өндөрлөнө. Нэг нь нөгөөгөө гүтгэсэн гээд л гүйцээ.
