Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт шалгалт явуулж, гаалийн үйл ажиллагааны 141 асуудал, 136 эрсдлийг илрүүлжээ. Үүний 82 хувь нь байгууллагын дотоод хүчин зүйлээс шалтгаалж, өөрсдийн нөөц бололцоогоор шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн байна.
Шалгалтын дүгнэлтэд үндэслэн гаалийн шат дамжлагыг багасгах, нийтлэг журмыг шинэчлэх, холбогдох өөрчлөлтийг 2025 оны 8-р сарын 31-ний дотор хийх үүргийг Тэргүүн шадар сайд Н.Учрал өгсөн юм.
Ингэснээр 2025 оны 8-р сарын 8-наас “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах ажил эхэлж, 18,314 иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус 11 байгууллага, харьяа гаалийн газар, хороодоос ирүүлсэн нийт 362 саналыг нэгтгэн хууль тогтоомжид нийцүүлэн тусгаж шинэ журмыг баталлаа.
