“Монголын нууц товчоо”г анх удаа хятад хэлнээс монгол хэлнээ хөрвүүлсэн, Монгол төрийн мэргэн сайд, Бодлогот баатар Б.Цэнд гүний нэрэмжит шагналыг энэ жил ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд олголоо. “Монголын нууц товчоо” дахь түүх, угсаатны зүйд холбогдох академик судалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийж, шинжлэх ухааны ном бүтээл, дэлгэрэнгүй толь, тайлбар гаргаж, “Монголын нууц товчоо”-г Дэлхийн дахинд таниулах, залуу хойч үеийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн тус академид Цэнд гүний нэрэмжит шагнал, 1 сая төгрөгийг өнөөдөр Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун, “Бодлогот баатар Цэнд гүн” ТББ-ын тэргүүн Д.Начин нар гардуулав.

Монголын түүх, уламжлал, соёлын өв, “Монголын нууц товчоо” судлалыг дэмжин сурталчлах зорилгоор “Бодлогот баатар Цэнд гүн” ТББ-ыг 2016 онд байгуулж, түүний нэрэмжит шагналыг 2017 онд бий болгон, “Монголын нууц товчоо”, Монголын түүх, уламжлал, соёлын өвийн чиглэлээр судалгаа хийж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан судлаачдад олгож ирсэн байна.

Үүний зэрэгцээ Цэнд гүний цээж баримлыг өнөөдөр Чингис хаан үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын сангийн уншлагын танхимд заллаа. XX зууны эхэн үеийн Монгол Улсын тусгаар тогтнол, төр, бичиг соёлын түүхэнд тод мөрөө үлдээсэн Бавуудайн Цэндийн мэндэлсний 150 жил энэ онд тохиож байна. Доктор, профессор Г.Мягмарсамбуу “Монгол төрийн мэргэн сайд, Бодлогот баатар Бавуудайн Цэнд” номоо монгол, англи хэлээр гаргаж, энэ үйл ажиллагааны үеэр нээлтээ хийв.

Б.Цэнд 1875 онд Хөлөнбуйрын Солонзүүнгарын Шулуунцагаан хошууны Мэхээрт хэмээх газарт малчин ард Бавуудайн 3 дахь хүү болон мэндэлжээ. Монгол бичиг, манж, хятад хэлийг багадаа сурч, соёл, түүх судалдаг, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан тул түүнийг Богд хаан 1912 онд Бодлогот баатар цолоор шагнажээ.
