Испанийн алдарт уулчин Карлос Сориа 2025 оны есдүгээр сарын 26-ны өглөө 05:30 минутад ( орон нутгийн цагаар) 8156 метр өндөр Манаслу уулын оргилд гарснаар 8000 -аас дээш өндөртэй оргилд гарсан манай гарагийн хамгийн ахмад уулчин боллоо.
Өмнөх рекордыг Японы уулчин Юүчиро Миура эзэмшдэг байсан бөгөөд тэрбээр 2013 онд 81 настайдаа Эверестэд оргилдож байж.
Дэлхийн II дайны гал дүрэлзэж асан 1939 онд Испаний Авила хотноо төрсөн Карлос Сориа Фонтан нь 14 настайгаасаа ууланд авирч эхэлсэн ч бүүр хожуу буюу 51 настайдаа л анхны ” Найман мянгат” ууландаа авирчээ.

Карлос Сориа 14 “Найман мянгат” уулын 12- т нь гарсан, тодруулбал:
- Нанга Парбат (8125 м), 1990
- Гашербрум II (8035 м), 1994
- Чо-Оюу (8201 м), 1999
- Эверест (8848 м), 2001
- К2 (8611 м), 2004
- Броуд пик (8047 м),2007
- Макалу (8465 м), 2008
- Гашербрум I (8068 м), 2009
- Манаслу (8156 м), Непал, 2010
- Лхозе (8516 м), 2011
- Канченжанга (8586 м), 2014
- Аннапурна (8091 м), 2016 онд гарч байжээ.
Үүнээс 10-д нь 60 наснаасаа хойш гарсан гэхээр гайхалтай.
Үүгээр ч зогсохгүй Карлос Сориа “Seven summits” гэж нэрлэгддэг долоон тивийн оргилд бүгдэд нь бас хөл тавьсан уулчин.

Карлос Сориа К-2, Броуд пик, Макалу, Манаслу, Лхозе, Канченжанга, Аннапурна оргилд хамгийн ахмад насандаа гарсан уулчин, 60-аас дээш насандаа 10 “Найман мянгат”-д гарсан цорын ганц уулчин, “Найман мянгат”-д хамгийн өндөр настайдаа оргилдсон уулчин гээд олон гайхалтай амжилт, рекордыг эзэмшиж байгаа. “

“Найман мянгат”-уудаас Шишапангма (8013м), Дхаулагири I (8167м) хоёрт л Карлос Сориа оргилдож амжаагүй байгаа бөгөөд Дхаулагирид гэхэд л нилээн олон удаа оролдлого хийгээд амжилтгүй болсон ажээ.Хоёр жилийн өмнө Карлос Сориа Дхаулагирийн 7000м орчимд хөлөө хугалж, маш хүнд гэмтэл авсан ч мөлхсөөр хоёрдугаар баазад ирж, амь нас нь аврагдаж байсан түүхтэй гэнэ.
Өвдөгний үеээ солиулсан ч өдий насандаа 8000м оргилд гарч байгааг гайхамшиг л гэе дээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин