УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол улсын засгийн газар, Рио тинто компанийн хооронд хийгдсэн Оюу толгойн гэрээний асуудал яригдлаа. “Оюутолгойн ордын 32 хувь “Онтрэ” компанийн эзэмшилд байдаг. Оюутолгойн бүлэг ордын 32 хувийг эзэмшдэг “Онтрэ” компани Рио тинто компанитай гэрээ байгуулсан боловч энэ гэрээнд Монгол улсын оролцоо байхгүй байгаа асуудлыг анхаарч Монголчуудын эрх ашгийг ярих ёстой гэдэг байр суурь яригдаж байна. Ирэх Лхагва гаригт Оюу толгойн Түр хороо хуралдана. Монгол улсын эрх ашиг Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор хохирч байгаа асуудлыг шийдэхийн тулд Засгийн газраас Сангийн сайд, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд нараар ахлуулсан ажлын хэсэг гаргасан байдаг. Тэгвэл ирэх даваа гаригт МАН бүлгийн хурлаараа дээрх сайд нараас Оюу толгойн гэрээтэй холбоотой мэдээлэл сонсохоор болжээ.
Оюутолгойн дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээнд заасан зээлийн хүүг хэлэлцэн бууруулах боломжит хугацаа 2025 оны сүүлээр дуусч байгаа юм. Хэрэв бид энэ хугацаанд гэрээг Монгол улсын талд ашигтайгаар өөрчлөн батлуулж чадахгүй бол ахиад 7 жил Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломж бүрдэхгүй билээ. Оюутолгой төслийн эрсдэл өндөр үед зээлийн хүү 2009 онд 11.1 хувь байсан бол одоо эрсдэл 0 хувь болсон ч 11,1 хувийн хүү төлөгдсөн хэвээрээ байна. Рио Тинто олон улсын зах зээлээс 4-5 хувийн хүүтэйгээр зээл авдаг атлаа Оюутолгойд 11.1 хүүтэйгээр зээл өгдөг. Энэ нь Монгол улсын гадаад өрийн төлөлтөд том хэмжээний дарамт болсоор ирсэн билээ. Оюутолгой төсөл өнгөрсөн 16 жилийн хугацаанд 20 тэрбум ам.долларын зээл авсан, үүний 12 тэрбум ам.доллар нь хувь нийлүүлэгчдийн зээл. Анх авсан зээлээ эргэж төлөөд, 2010 оноос хойш 6.1 тэрбум ам.долларын зээлийг “Рио Тинто” компаниас ахин Оюутолгой авсан байдаг. Үүний хүүгийн хүү нь тооцогдож, бодогдож явсаар өнөөдөр 12 тэрбум ам.долларт хүрсэн байна. Анх авсан зээл нь 6.1 тэрбум, харин зээлийн тэн хагас нь буюу зургаан тэрбум ам.доллар хүүгийн хүү юм. Ийнхүү Рио тинто компани хөрөнгө оруулалтаа өсгөх замаар Монгол улсын тус ордоос хүртэх ашгийг хойшлуулж харин оронд нь Монгол улсын засгийн газраар зээлийн хүү төлүүлсээр өнөөдөртэй золгож байна.