Трамп: АНУ-аас өөр улсад бүтээсэн кинонд 100% татвар ногдуулна


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт “Truth Social”-д оруулсан нийтлэлдээ “АНУ-аас өөр оронд үйлдвэрлэсэн бүх кинонд 100 хувийн татвар ногдуулна” гэж мэдэгджээ. Гэхдээ Трамп татварыг хэзээ, ямар байдлаар хэрэгжүүлэх талаар тодорхой дурдаагүй байна. Хэрэв Трамп энэ бодлогоо хэрэгжүүлбэл, бараанд бус үйлчилгээнд татвар ноогдуулсан анхны тохиолдол болох юм.

Гадаадад бүтээсэн кинонд 100 хувийн татвар ногдуулахаа Доналд Трамп анх тавдугаар сард мэдэгдсэн. Үүнийгээ бусад улс орнууд кино бүтээгчдийг татах зорилгоор татварын хөнгөлөлт олгодогтой холбоотой гэж тайлбарлаж байв.

Трампыг тавдугаар сард татварын тухай санаагаа анх цухалзуулахад Холливуд тэр чигтээ шооконд орсон юм. Кино урлагийн салбарын нэгэн дотоод эх сурвалж “Анх сонсоход цочирдом мэдээ байсан. Энэ нь киноны үйлдвэрлэлийг бараг бүрэн зогсоохтой адил зүйл болно” гэж CNN-д хэлж байв.

Америкийн жүжигчид, найруулагчид ерөнхийдөө гэр орондоо ойр ажиллахыг илүүд үздэг. Харин “United Talent Agency”-ийн дэд дарга Жэй Шурс тавдугаар сард CNN-д өгсөн ярилцлагадаа “Үнэндээ Холливудын студиуд эх орондоо кино хийгээд, татвар төлж байснаас бүх хүнийг гадаад руу явах онгоцонд суулгаад, зочид буудлын төлбөрийг нь төлөх нь хамаагүй хямд тусдаг. Учир нь гадаадад кино бүтээх өртөг хамаагүй хямд байдаг” гэжээ.

Трампыг уг мэдэгдлээ хийсний дараа даваа гаргийн өглөө “Netflix”-ийн хувьцаа 1%-иар унасан бол AMC, “The Walt Disney” зэрэг кинотой холбоотой бусад компанийн хувьцаа өссөн байна.

Эх сурвалж: CNN

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *