Трамп “Газын зурвас дахь дайн дуусахад ойрхон байна” гэж мэдэгдэв


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай хийсэн уулзалтынхаа дараа “Газын зурвас дахь дайн дуусах мөч урьд өмнөхөөсөө илүү ойртлоо” гэж мэдэгдлээ. Нетаньяху гал зогсоох нөхцөлийг тодорхойлсон 20 заалт бүхий төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү төлөвлөгөөг Трамп анх удаа олон нийтэд дэлгэн танилцуулсан бөгөөд одоо Хамас бүлгийн зөвшөөрөл шаардлагатай байгаа аж. Гэвч уг төлөвлөгөөнд өмнө нь Хамас бүлгийн татгалзсан хэд хэдэн заалт багтсан байна.

Гэсэн ч Трамп хоёр гаруй жил үргэлжлэх хугацаандаа арван мянгаас дээш хүний аминд хүрч, Газа хотыг үнсэн товрог болгосон мөргөлдөөн эцэслэх шатандаа ирсэн байж магадгүй гэсэн найдлага илэрхийлжээ.

Уг төлөвлөгөөнд зааснаар Израил уг хэлэлцээрийг албан ёсоор зөвшөөрснөөс хойш 72 цагийн дотор Хамас бүлэг амьд, нас барсан гэлтгүй барьцаалж авсан бүх хүнээ суллах ёстой аж. Энэ нь Хамасын хувьд цаг аль хэдийнэ явж эхэлсэн гэсэн үг юм. Хамас бүлэг уг саналаас татгалзвал хүнд үр дагавар хүлээж байгааг Трамп болон Нетаньяху хоёр анхаарууллаа.

“Эрхэм Ерөнхийлөгч өө! Хэрэв Хамас таны төлөвлөгөөнөөс татгалзвал, эсвэл гаднаа зөвшөөрсөн дүр үзүүлээд, дотроо бүхнийг эсэргүүцэх юм бол Израил улс өөрөө энэ ажлыг дуусгах болно. Үүнийг амархан аргаар ч хийж болно. Эсвэл хэцүү аргаар ч хийж болно. Ямар ч байсан бид энэ бүхнийг дуусгах болно” гэж Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгджээ. Хэрэв Хамас бүлэг татгалзаж, Израил арга хэмжээ авахаар болбол Трамп түүнд гар бие тусална гэдгээ мэдэгдэв.

Ингээд талууд уг төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхийг хүлээх л үлдлээ.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *