Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарыг ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Энхбаярыг томилсон. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ сэтгүүлчдэд дараах тайлбарыг өгөв.
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ:
-Ерөнхий сайд Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр томилох, чөлөөлөх, огцруулах онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Танхимаа өөрөө мэдэн бүрдүүлэх энэхүү бүрэн эрх нь Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн амин сүнсийн нэг юм.
Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд гаргах гэж буй шийдвэрийнхээ талаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийлээ. Шийдвэрийг гаргах, албажуулах процесс Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23.1 дэх хэсгийн 2 дахь заалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу явагдах болно.
