Шадар сайд С.Амарсайхан “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, зээлийн эргэн төлөлт болон цаашид анхаарах асуудлаар Монголбанк, арилжааны банк, зээлийн батлан даалтын сангийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан, санал солилцлоо. Үндэсний үржих баялаг болсон таван хошуу малаа маллаж, хязгаар нутагтаа эзэн нь болж буй малчдын амьжиргааг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн давагдашгүй хүчин зүйлийг даван туулах чадамж бүхий малчдыг бэлтгэх зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Уг хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 10,177 хоршоо байгуулагдаж, 99,810 буюу нийт малчдын 32.3% нь хоршоонд гишүүнээр элсжээ.
Арилжааны банкууд 24 мянга гаруй малчинд 844.88 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 58.58 тэрбум төгрөгийг малчид эргүүлэн төлөөд байна.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр дараах үр дүн гарсан. Үүнд:
- Малын үүлдэр 57.7–63.9 хувь болж сайжирсан,
- Өвс, тэжээл бэлтгэлийн хүрэлцээ 34.6–37.9 хувь болж өссөн,
- Малын хашаа, саравчны хүрэлцээ 31.3–34.5 хувьд хүрсэн
- Тоног төхөөрөмжийн хангалт 19.6–23.2 хувьд хүрсэн,
- МАА-н үйлдвэрлэлийн мэдлэг 15.3–19.7 хувь болж дээшилсэн,
- Ажиллах хүчний хангамж 9.8–11.6 хувьд хүрсэн,
- Малын тэжээл тарих газрын хүртээмж 9.7–9.9 хувиар өссөн.
- “Шинэ хоршоо” хөдөлгөөн үр дүнгээ ийнхүү өгч эхэлсэн учраас илүү чадавхжуулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ хоршоо 2” буюу “Дундын хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлэхээр бэлтгэж байна. Банкууд “Дундын хоршоо” хөдөлгөөнд нэгдэж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
