Хятад иргэнийг хөнөөсөн монгол, хятадуудын хэргийг УДШ хэлэлцэж байна


Монгол, Хятадын иргэд бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө “Хөшигийн хөндий” нисэх буудлын орчимд хятад иргэнийг буудаж, хөнөөсөн ноцтой хэрэг гарсан юм. БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, Монгол Улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нарт холбогдох эл хэргийг яллагдагч А.Даянтөмөрийн өмгөөлөгч О.Анхбаяр, яллагдагч Лиү Бөүвин, түүний өмгөөлөгч Л.Баттогтох, яллагдагч А.Тэнгисийн өмгөөлөгч О.Мөнхболд нарын гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүх өнөөдөр хянана. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5, 2.11, 11.6 дугаар зүйлийн 2, 13.3 дугаар зүйлийн 2.2, 17.6 дугаар зүйлийн 1-т заасан хэрэгт буруутгаж байгаа юм.

Прокурор БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, яллагдагч, Монгол Улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нарт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл “Өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүн алах, 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 13.3 дугаар зүйл “Хүн барьцаалах”, 17.6 дугаар зүйл “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн хэргээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. 

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025.06.02-нд хэргийг хэлэлцээд “Гэмт хэргийн оролцоог ялгах ёстой. Прокуророос хэд хэдэн яллагдагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоон тодорхойлоогүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоогүй. Хэргийн газраас хураасан 8 ширхэг сумыг байлдааны зориулалттай галт хэрэгсэл мөн эсэхийг бүрэн тодорхойлоогүй учир шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай” хэмээн хэргийг прокурорт буцаасан.

Үүнийг прокурор эсэргүүцсэнээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025.07.22-нд хэлэлцээд, анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнийг яллагдагч нар эсэргүүцэн, УДШ-д хандсан байна.

А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарласан. БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, А.Даянтөмөр нарыг А.Тэнгистэй, А.Тэнгисийг А.Даянтөмөртэй, хохирогч Хятадын иргэн З.Л нартай уулзахыг хориглосон. БНХАУ-ын иргэн, яллагдагч Лиү Бөүвин, Шүй Ханмин нарыг цагдан хорьж байгаа аж. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *