Орон нутагт намчирхал, ажлаас халах сүрдүүлэг их байгааг хэлжээ


Хүний эрхийн үндэсний комисоос Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд болон зарим байгууллагад хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэд 7 аймгийн 17 суманд ажиллажээ.

Ховд аймгийн Булган, Завхан аймгийн Тосонцэнгэл, Сэлэнгийн Мандал, Сайхан суманд ажиллахдаа иргэдийн дунд шүүхийн болон хууль эрх зүйн хүрээнд шударгаар ажиллаж байгаа эсэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Мөн хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төсөлд иргэдээс санал авах ажлыг Архангай аймгийн Төгрөг, Завхан аймгийн Тэс, Увс аймгийн Баруунтуруун, Тосонцэнгэл, Улаангом, Ховд аймгийн Булган, Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан суманд хийжээ.

Мөн цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны орчин нөхцөлтэй танилцаж, ажиллах нөхцөл, хүний эрхийг хангах ажлыг хэр оновчтой зохион байгуулж байгааг шалгасан байна. Зэвсэгт хүчний хилийн цэргийн ангид ажиллаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны нөхцөлтэй танилцсан байна.

Энэ удаагийн хяналт, шалгалтын гол зорилго бол төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх нөхцөл байдалтай танилцаж, Хүний эрхийг хангах үндэсний комиссын хоёрдугаар төслийн хүрээнд иргэдээс санал авахад анхаарсан талаараа хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа. Нийт 7 сумын 350 орчим иргэдтэй уулзаж, дээрх хэлэлцүүлгийн талаар таниулан, санал авсан байна.

Уулзалтын үеэр эрх зүйн чиглэлд соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах, иргэдийн оролцоог хангасан бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд төр, засгаас анхаарахгүй байгааг ихэвчлэн дурджээ. Түүнээс гадна иргэдийн оролцоо хангалтгүй байна гэсэн санал дийлэнх нь өгсөн байна.

Төрийн албанд намчирхал, ажлаас хална хэмээн айлган сүрдүүлж, ажлын байрны дарамт үзүүлдэг асуудал орон нутагт нэлээд байгааг хэлжээ. Ялангуяа баруун бүсийн алслагдсан сум, сууринд бензин шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ өндөр байгаа учраас иргэдэд чиглэсэн эдийн засгийн бодлогоо зөв төлөвлөхийг санал хүсэлтэд оролцогчид онцолсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *