Хууль бус алт орборлолтыг таслан зогсоох чиглэлээр хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хуралдав. Уг хурлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хууль бус алт олборлолттой холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагад үүрэг өглөө.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:
-Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон иргэдийн дунд хамгийн их яригдаж буй асуудлын нэг бол байгалийн баялгийг хууль бусаар олборлох, тэр дундаа алтны хууль бус олборлолт хэрээс хэтэрсэн талаар ярьж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам торгох, хаах, үйл ажиллагааг нь зогсоох, лацдах зэрэг арга хэмжээ авч байгаа ч байцаагч нарын машины тоос дарагдаагүй байхад хууль бус олборлолт дахин үргэлжилдэг. Төрийн хууль журам, стандартыг мөрдөх асуудал энэ салбарт хэрэгжихгүй байна. Энэ талаар иргэдээс ч олон тооны гомдол, мэдээлэл ирүүлсээр байгаа юм.
Салбарын яамнаас шалгаж байгаа ч дийлэхгүй байна. Үүнд хууль хүчний байгууллага онцгой анхаарал хандуулах ёстой. АҮЭБЯ, БОУАӨЯ-наас акт тавиад, Экологийн цагдаагийн албанд шилжүүлээд явж байгаа ажлууд яагаад мөрдөгдөхгүй байгаа вэ?Яагаад Монгол Улсын хууль журмыг дагахгүй, байгаль дэлхийн эсрэг гэмт хэрэгт хариуцлага тооцогддоггүй юм гэдэг асуудлыг ЗГ-ын түвшинд ярьсан. Засгийн газрын тэмдэглэл гарсан. Хууль бус алт олборлолттой холбоотой асуудалд 3 яам хамтарч, ТЕГ, ЦЕГ, АТГ зэрэг хууль хүчний бүхий л байгууллага нэгдэж, алт болон бусад ашигт малтмал, жоншны хууль бус олборлолтын эсрэг эрчимтэй тэмцэх тухай асуудлыг хэрэгжүүлэх тухай тэмдэглэл гарсан.
Энэ хүрээнд ХЗДХ-ийн сайд, АҮЭБ-ийн сайд, БОУАӨ-ын сайд нарын хамтарсан тушаал гаргаж, ажлын хэсэг гаргасан. Энэ ажлын хэсгийг ХЗДХ-ийн төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар ахлах бол хоёр дэд ахлагчтай ажиллана. АҮЭБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, БОУАӨЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллана. Ажлын хэсэг гурван чиглэлд ажиллана. Үүнд:
- АҮЭБЯ болон холбогдох байгууллагууд хууль бус олборлогчдын тоо, эвдэрсэн газар, ашиглаж буй техник хэрэгслийн мэдээллийг гаргаж, хууль хяналтын байгууллагад өгөх,
- ХЗДХЯ хууль бусаар ашигт малтмал олборлож буй иргэдийг түр баривчлан, талбайн хариуцагч нарыг тогтоож шалгуулна. Шаардлагатай бол прокурорын дэмжлэг авна. Экскаватор, самосвал, бульдозер зэрэг улсын бүртгэлтэй техникийг газар дээр нь бүртгэж, хууль бусаар ашигласан тохиолдолд хурааж, улсын орлого болгоно. Хууль бус олборлолттой холбоотой кемпүүдийг татан буулгана.
- БОУАӨЯ эвдэрсэн газрын тооллого хийж, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлнэ. Мөн байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгчдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэлээр ажиллана.
Хурлын төгсгөлд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Монгол Улс хуультай. Байгалийн баялаг бол бүх ард түмний өмч. Бүх ард түмэн хувь хишгээ хүртэж байх ёстой. Хууль бусаар алт олборлож, байгаль дэлхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ард иргэдийн хүртэх ёстой үр өгөөжийг хулгайлж буй хүмүүст хуулийн хатуу хариуцлага тооцож, хүчтэй тэмцэнэ.
2018 онд ЗГ-аас энэ чиглэлээр томоохон ажиллагаа явуулсан. Энэ удаагийнх дараачийн том ажил болж үргэлжилнэ. Энэ 10 дугаар сард багтаж, өмнөх жилүүдэд байгаль орчны эсрэг үйлдсэн гэмт хэргүүд хэрхэн шийдэгдсэн талаарх мэдээллийг нэгтгэн гаргаж, олон нийтэд мэдээлнэ. Яагаад дахин, дахин хууль зөрчөөд байхад нь хуулийн байгууллага шийддэггүй юм. Яагаад прокурор дээр зогсдог юм. Хэн гэдэг хувь хүнд хаана ямар газарт, хэдэн удаа ямар гомдол гаргасан зэрэг мэдээллийг нийтэд ил болгоно.
Цаашид хууль бус алт олборлогчид болон бусад хэлбэрийн ашигт малтмал олборлож буй хүмүүст хатуу хариуцлага тооцно. Хууль бусаар алт олборлогч хулгайч нар энэ салбарын нэр хүндийг гутааж, энэ салбараас орж ирж буй орлогыг бууруулж байна” гэлээ.