Гаалийн хорио цээрийн цаасан суурьтай бүртгэлийг цахимжууллаа


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл” хэрэгжиж байна. Төслийн хүрээнд “Хилийн хяналтын удирдлагын систем” дэд төслийн хөгжүүлэлтийг өнгөрсөн долдугаар сард дуусгаж гаалийн хорио цээрийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлжээ. Ингэснээр “Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд тавих хорио цээрийн хяналт” сэдэвт дунд түвшний мэргэшүүлэх сургалтыг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын хорио цээрийн гаалийн улсын байцаагчдад зохион байгуулжээ.

Тус мэргэшүүлэх сургалтаар “Хилийн хяналтын удирдлагын систем”-ийг ашиглан хилээр нэвтэрч буй мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хорио цээрийн хяналт шалгалт хийхэд анхаарах асуудал, хөрш зэргэлдээ улсад гарч буй малын гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдлын хариу арга хэмжээ авах зэрэг мэдлэг, чадваруудыг олголоо.

“Хилийн хяналтын удирдлагын систем”-ийг нэвтрүүлснээр гаалийн хорио цээрийн хяналтын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байсан цаасан суурьтай бүртгэлүүдийг цахимжуулж, өгөгдлийн санг үүсгэх, хорио цээрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг нэгдсэн аргачилсан заавраар гүйцэтгэх юм. Мөн гадаад худалдаанд оролцогчдын үйл ажиллагааг хөнгөвчлөх, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай шаардлагатай мэдээллийг солилцох, хилийн нэвтрэх цэгт нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хариу арга хэмжээг шуурхай авах, хязгаарлагдмал хүний нөөцийг үр дүнтэй ашиглах, гадаад худалдаанд оролцогчдын үйл ажиллагааг хөнгөвчлөх, бизнесийн орчинг дэмжих зэрэг чухал ач холбогдолтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *