Монголын ардчилал дуусах өдөр


Хэрэв ардчилалд итгэл үгүй болбол “Ард түмэн эрх чөлөөгөө ганцхан агшинд атгаж үзээд эзнээ сонгох хэрэгсэл болгон дахин хамааралд нь ордог. Эцэст нь ард түмэн өөрсдөө ардчиллын доройтлыг хөтлөн авчирдаг” (“The people shake off their state of dependence just long enough to select their master and then relapse into it again.” “In the end, the people will be the cause of the degradation of democracy itself.” Democracy in America, Vol. 2, Part 4, Ch. 6) Алексис де Токвиль

I. Ардчиллаас залхах үе

Сүүлийн жилүүдэд Монголын улс төр “ярихаас өөрийг хийдэггүй” тогтолцоонд гацжээ.

Улсын Их Хурлын дарга ба Ерөнхий сайдын дунд эхэлсэн МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн, богино хугацаанд хувийн тэмцэл болон хувирч, төрийн хоёр өндөр албан тушаалтан ардчиллын дүрэм, ёс зүйн хэм хэмжээг эвдэн байж нэгнээ дайсагнах болов.

Нэг нь хэвлэлээр “баримтгүй гүтгэлэг” тарааж, нөгөө нь “улсынхаа, парламентынхаа нэр төрийг хамгаалахын тулд өөрийгөө ямар ч хууль бус зүйлд орооцолдоогүй” няцаалт хийж, үг бүр нь ард түмнийг талцуулж байна.

Төрийн индэр дээрээс эхэлсэн энэ хэрүүл өргөн нийгэмд дамжиж, сошиал ертөнцөд “ард түмний дайн” болон хувирч байна. Ардчилал бол маргаан дагуулдаг тогтолцоо, гэхдээ маргаан нь үнэн ба хариуцлагад тулгуурлах ёстой. Монголын хувьд энэ нь хязгаар алдагдаж, ялангуяа Ардчилсан нам улам бүр дэвэргэх аж.

II. Ард түмний итгэл тасрах мөч

2025 оны намар олон нийтийн санал асуулгаар төрдөө итгэх иргэдийн хувь 20%-иас доош буурсан дүн гарлаа.

Энэ бол зүгээр нэг статистик биш — улс төрийн институциудын төлөвшил, ардчиллын суурь итгэл улам бүр багасаж буй шинж юм.

Хүмүүс “ардчилал” гэхээсээ илүү “эмх журам”, “хатуу гар”, “удирдагч” гэх үгсэд татагдах болов. Энэ бол дэлхийн олон орныг дарангуйлал руу хөтөлсөн сэтгэлзүйн эхлэл юм.

Жишээ нь, Оросын 1990-ээд он, ардчиллын хямрал, ядуурал, авлига, хээл хахуулийн өсөлт эцэстээ Путин гэх хүчтэй удирдагчийг “аврагч” болгосон.

Туркт, Эрдоган ард түмний итгэл алдралтыг ашиглан парламентын эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж чадсан.

Унгарт, Виктор Орбан “либерал ардчилал сүйрч байна” гэсэн үгэндээ тулгуурлан Үндсэн хуулиа өөрчилсөн.

Монголын нөхцөл яг ийм замаар алхаж эхэллээ.

III. Ерөнхийлөгчийн сүүдэр ургах нь

УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын дайн хэтэрхий уртсаж, улс орон хямралтгай, шийдвэргүй байдалд орлоо.

Эдийн засгийн хямрал, инфляци, нүүрсний хулгай, залуусын цөхрөл бүгд нийлээд ард түмнийг “хариуцлага тооцох нэг хүнийг” хүсэхэд хүргэв. Тиймээс өнгөрсөн цаг хугацааны алдаа, завхрал, нүүрсний хулгай гэгч зохиомол хэрэг үүсгэж, тэр битгий хэл алуурчин болгоод авав. Төрд 3 хан жил ажиллаж байгаа Их хурлын даргадаа энэ бүх хар зүйлүүдийг нааж, өөрсдийгөө цасан цагаан мэт харагдуулах жүжиг тоглож эхэллээ.

Тэгэхээр их хурлын дарга, ерөнхий сайд хоёрын тэмцэлээс ард түмэн залхах үед нэг л дүр хүслийг нь гүйцээхээр гарч ирнэ. Тэр дүр бол Ерөнхийлөгч байна.

Тэр “төрийн бүх эрх мэдэл нэг цэгт төвлөрөхгүй бол улс орон сүйрнэ” гэх мэдэгдэл хийх байх.

Мэдээж энэ нь түр зуурын арга хэмжээ гэж тайлбарлагдсан ч, удалгүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид Засгийн газрын томилгоонд оролцох, УИХ-ыг тараах, шүүхийг хянан шийдвэрлэх эрх олгогдох болно.

Хүмүүс баярлах байх. “Эцэст нь хэн нэг нь хариуцлага хүлээдэг боллоо” гэж тэд итгэж, найдах болно.

Гэвч тэр мөчид л ардчилал дууссан байна.

IV. Хэвлэлийн чимээгүй үхэл

“Ардчилал үхэхэд буу дуугардаггүй, зөвхөн хүмүүс дуугүй болдог” гэж нэгэн сэтгүүлч бичсэн байдаг.

Эрх мэдлийн төвлөрөл өсөхийн хэрээр сэтгүүлчдэд дарамт ирж эхэлнэ.

Зарим хэвлэл хаагдаж, зарим нь өөрийгөө цензурдэж эхэлнэ.

Тун удахгүй хэвлэлийн мэдээний сүүлчийн дугаар “Ардчиллыг хамгаалахын тулд бид дуугүй байж болохгүй. Гэвч дуугарах эрхээ алдсан байна” гэсэн гарчигтай гарахыг үгүйсгэхгүй.

Тэр дугаар бол Монголын ардчиллын сүүлчийн амьсгал байхвий.

V. Ардчиллын төгсгөл — ард түмний сонголт

Хүмүүс дарангуйллыг сонгодоггүй. Тэд зөвхөн эмх журам, шударга ёсыг хүсдэг. Гэвч тэр хүсэл нь дарангуйлагчдын гарын дор хэрэгждэг.

Ард түмэн “захирагчийг хүссэн” тэр мөчид ардчилал өөрийн төгсгөлийг бичдэг юм.

2025 оны намрын тэр нэгэн өдөр, Ерөнхийлөгч “улс орны тогтвортой байдлын төлөө бүх засаглал миний мэдэлд орно” гэж тунхаглахад хэн ч эсэргүүцсэнгүй.

Зүгээр л чимээгүй алга ташсан, үүнийг ард түмний сонголт гэж зөвтгөнө.

VI. Эцэст нь

Түүхийн сургамж:

“Ардчилал бол төгс тогтолцоо биш, гэхдээ түүнээс дээр тогтолцоо байхгүй.”

— Уинстон Черчилль

Монголын ардчиллын дуусах өдөр бол төрийн эргэлт хийсэн өдөр биш, харин ард түмэн итгэлээ дарангуйлалд өгч, дуугүй байхаа зөвшөөрсөн тэр мөч байх болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *