Өнгөрөгч 9 дүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дундаас 0.9°С-аар дулаан байлаа гэж Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдээллээ. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 10 дахь дулаан сар болов.
Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд нутгийн дийлэнх буюу 61.2 хувь нь дунджийн орчим, 38.8 хувь нь дунджаас +1-3°С-аар дулаан байв.

Хур тунадасны хувьд 9-р сард Монголд дунджаар 25.9 мм тунадас орсон нь өмнөх жилээс 19.3 хувиар бага, олон жилийн дунджаас 43 хувиар ахиу буюу 1940 оноос хойш тохиолдож байгаа 17 дахь хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө. Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтын оронзайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 62 хувь дунджаас ахиу, 8.5 хувь нь дунджийн орчим, 29.5 хувь нь дунджаас бага тунадас унасан байна.

Тус сард агаарын температурын үнэмлэхүй их утга Өмнөговь аймгийн Ханбогд суманд 34.6°С, үнэмлэхүй бага утга Баянхонгор аймгийн Баянбулаг суманд -8.5°С хүрсэн. Хөрсний температурын үнэмлэхүй их утга Өмнөговь аймгийн Даланзадгадад 59°С, үнэмлэхүй бага утга Баянхонгор аймгийн Баянбулагт -12°С хүрч хүйтэрсэн байна.
