Одоо Тэйлор Свифтийн шүтэн бишрэгч хүртэл тэвчээрийнхээ хязгаарт ирээд байна. Тэйлор Свифтийн фэнүүд цахим орчинд янз бүрийн шүүмжлэлтэй тулгарч байна. Үүнд түүний олон хувилбартай, өндөр үнэтэй биет цомгуудаар дамжуулан ашиг олох гэсэн “арилжааны” хандлага, мөн өөрийн найз залуу Трэвис Келсийг “Орондоо сайн” хүн мэт дүрсэлсэн тааруухан дуу зэрэг холбоотой. Тэйлор Свифтийн шинэ цомгийг олон хүн шүүмжилж бичжээ.
Тэйлор Свифтийн шинэ цомог төдийлөн сайн болоогүй гэдэг үнэнтэй шүтэн бишрэгчид нь нүүр тулгарахад хүрч байна. Түүний бүх цомог анх гарсан даруйдаа тэр бүр магтаал хүлээдэггүй. Тэйлор Свифтийн 2024 онд гаргасан “The Tortured Poets Department” цомог эхэндээ хатуу, хүйтэн хандлагатай шүүмжлэлүүд хүлээж авч байв. Харин энэ удаад хүмүүс түүний шинэ цомгийн талаар шүүмжлэлүүдийг илүү чанга, ил тод хэлж байна.
Pitchfork сайт Тэйлор Свифтийн уг цомогт 5.9 оноо өгч, “түүний хөгжим урьд өмнөхөөсөө илүү уйтгартай болжээ” хэмээн дүгнэжээ. Харин The New Yorker сайт “Свифтийн амьдрал гайхамшигтай боловч баян чинээлэг байдал, алдар нэрийн дунд тусгаарлагдсаны үр дүнд магадгүй түүний сэтгэл хөдлөлийн хүрээ нь хэт хязгаарлагдчихсан байх” гэж бичсэн байна.
Хүмүүс энэхүү цомогт янз бүрийн шалтгаанаар дургүйцэж байгаа бололтой. Энэ цомогт багтсан “CANCELLED!” гэх инээд хүрмээр нэртэй дуу алдартай байх ямар хэцүү талаар өгүүлдэг ба үнэндээ сонсогчид хүлээн авахад бэрх дуу болжээ.
Business Insider сайт “энэ бол түүний хамгийн шилдэг цомгуудын нэг. Мөн хамгийн сонсохоос ч ичиж үхмээр цомгуудынх нь нэг байлаа” хэмээн онцолж бичжээ. Харин The Standard сайт нэгхэн од үнэлгээ өгч, “Энэ үнэхээр Folklore болон Evermore цомгийг гаргаж байсан тэр уран бүтээлч мөн үү?” хэмээн асуусан байна.
X платформ дээр Meredith нэртэй нэгэн хэрэглэгч “Хэрэв энэ дуунуудын үгийг Тэйлор Свифт өөрөө бичсэн бол үнэхээр муу болжээ. Хэрэв ChatGPT бичсэн бол бүр ч долоон дор болсон байна. Хэрэв найз залуу Трэвис нь бичсэн бол харин бахархмаар санагдтал бичжээ” гэж бичжээ.
Амралтын өдрүүдээр эцэг эхчүүд өсвөр насныхаа хүүхдүүдийг Тэйлор Свифтийн давхар сурталчилгааны хоёр дахь хэсэг гэгдэх “Taylor Swift: The Official Release Party of a Showgirl” нэртэй киноны нээлтийн арга хэмжээнд дагуулан очжээ. Тус бүтээл дор хаяж 33 сая ам.долларын орлого олсон гэх тооцоолол байгаа ч “кино” гэж нэрлэхэд хэцүүхэн болсон байна. Учир нь тус киноны ихэнх хугацаанд үгтэй клипүүд, YouTube-ийн хямд хийцтэй бичлэг шиг хэв маягтай үзэгдлүүд гарч байсан гэв.
Тэйлор Свифтийн ихэнх шүтэн бишрэгчид түүний шинэ цомогт сэтгэл дундуур байгаа бол, зарим шүтэн бишрэгчид нь сэтгэл хангалуун хэвээр байна.
Эх сурвалж: CNN