Нобелын энэ оны физикийн салбарын шагналыг квантын тооцооллын чиглэлээр судалгаа хийсэн АНУ-ын эрдэмтэн Жон Кларк, Мишель Х.Деворет, Жон М.Мартинис нар хүртлээ. Тэд нийт 11 сая швед крон хувааж авна. Эрдэмтдийн 1980-аад онд хийсэн цахилгаан хэлхээний туршилтуудыг томоохон нээлт хэмээн Нобелын хороо үнэлж, “Цахилгаан хэлхээнд макроскоп түвшний квантын хонгил болон энергийн квантчлалыг тэд нээсэн” гэж тодорхойлсон байна.
Нобелийн шагнал хүртэх болсон мэдээг сонсоод Жон Кларк “Энэ бол квант компьютер хөгжихөд хүргэсэн зүйл. Олон хүн квантын тооцооллын чиглэлээр ажиллаж байна. Бидний нээлт үүний үндэс болсон гэж хэлж болно” гэжээ. Тэрээр 40 жилийн өмнө хийсэн энэ ажил нь шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй шагнал хүртэхүйц зүйл гэж огт төсөөлөөгүйгээ онцолсон байна.
Бидний өдөр тутам хэрэглэдэг ихэнх электрон төхөөрөмж энэ зарчимд тулгуурладаг. Уг нээлт өнөө үед маш хүчирхэг квант компьютер бүтээх суурь болж байна. Квантын механик бол маш жижиг ертөнцөд оршдог, электрон зэрэг бичил бөөмс хэрхэн хөдөлж, харилцан үйлчилдэг болохыг судалдаг шинжлэх ухаан юм.