10-р сарын 3-нд 56 настай эмэгтэй 16 настай охинтойгоо хамт угаартсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ээж нь газар дээрээ нас барж, охин нь ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн байна. Гэвч ээж нь нас бараад удаагүй байтал охин нь өчигдөр 16 цагийн үед өөд болжээ.
ХӨРШ НЬ ЭЭЖ ОХИН ХОЁР УГААРТСАН ТАЛААРХ ДУУДЛАГЫГ ӨГЧЭЭ
Ээж, охин хоёр угаартдаг өдөр гэр бүлийнх нь хүмүүс хөдөө явсан байжээ. Ингээд охин 10 дугаар сарын 3-нд хичээлдээ ирээгүй тул ангийнх нь багш түүний аавтай холбогдсон. Гэрийн эзэн эхнэр, охиныхоо утас руу залгахад аваагүй гэдэг. Ингээд хөрш айлынхаа хүнтэй холбогдсоноор эхнэр, хүүхдээ нас барсныг мэджээ.
Хөрш айлын хүн нь түргэн тусламж дуудсанаар ээжийг нь шүүх эмнэлэгт, охиныг ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэжээ. Охин ЭХЭМҮТ-д маш хүнд хэлбэрийн хордлоготой ирж, эмч нар бүхий л аргаа хэрэглэсэн гэнэ. Гэвч олон эрхтэний дутагдалд орсон тул ухаан оролгүй байсаар бурхан болжээ.
Тэгвэл олон нитийн сүлжээнд охиныг аврах боломж байсан талаар мэдээлэл хөвөрсөн. Учир нь ЭХЭМҮТ-ийн MRI аппарат эвдэрсэн тул өөр эмнэлэг рүү охиныг зөөсөн гэнэ. Яг энэ үед охин нас барсан гэх мэдээлэл бий. Тэгвэл ЭХЭМҮТ-өөс энэ асуудлыг үгүйсгэлээ.
Т.БОЛОРМАА: МАНАЙ ЭМНЭЛЭГ “MRI”-ТАЙ, ОДООГООР АЖИЛЛАХГҮЙ БАЙНА
ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлэг хариуцсан захирал Т.Болормаа “Охинд MRI шинжилгээ хийлгэх шаардлага байгаагүй. Эмч нар бүхий л эмчилгээг хийсэн. Гэвч ухаан ороогүй. ЭХЭМҮТ-д MRI шинжилгээний аппарат бий.

Гэхдээ одоогоор ажиллахгүй байна. MRI шинжилгээ хийлгэхээр өөр эмнэлэг рүү зөөсөн гэдэг мэдээлэл худал” гэлээ.
ЭХЭМҮТ-д нэг сарын хугацаанд угаарын хийд хордсон гэх шалтгаанаар 5 хүүхэд ханджээ. Эдгээрээс 2 нь Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн ч 1 нь нас барсан.

Харин 3 хүүхэд энгийн тасагт хэвтэн эмчлүүлээд гарчээ. Угаарын хордлогод өртсөн гэх шалтгаанаар ЭХЭМҮТ-д ирэх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа гэлээ. Харин угаарын улмаас нас барсан ээж, охин хоёрын амьдарч байсан хорооны ажилтнуудтай уулзахад тухайн үед угаар мэдрэгч ажиллаж байсныг дурдлаа.
Чингэлтэй дүүргийн 23-р хорооны засаг дарга Ц.Эрдэнэбадрах “Хорооноос угаартах эрсдэлтэй гэж үзсэн 115 айлд шалгалт хийхэд 50 хувь нь зуухны бүрэн бүтэн байдлаа хангаагүй, угаар мэдрэгч нь эвдэрсэн эсвэл залгадагүй байж таарсан. Галлагааны улирал эхэлснээр угаартсан гэх тохиолдол 2 бүртгэгдлээ. 56 настай эмэгтэй охины хамт угаартаж нас барахаас хэд хоногийн өмнө мөн нэгэн ээж бага насны хүүхдийн хамт угаартсан.

Тэд эрүүл мэндийн байгууллагаас тусламж авч, эмчилгээ хийлгэсэн. Харин энэ удаад угаартаж нас барсан ээж, охины хувьд угаар мэдрэгчээ залгаагүй байсан. Түүнчлэн зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан нь тогтоогдсон” гэж ярилаа.
Харин НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын албанаас энэ он гарсаар 1603 хүн угаарын хийн хордлогод өртөж, 54 нь нас барсан гэх статистикийг гаргажээ. Мөн угаарын хийн хордлого өнгөрсөн 2024 оны энэ үетэй харьцуулахад 35.7 хувиар нэмэгдсэнийг албаныхан онцоллоо.

2025 он гарсаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс угаарын хийн 444, Чингэлтэй дүүргээс 234, Сүхбаатар дүүргээс 108, Налайх дүүргээс 94, Хан-Уул дүүргээс 132, Баянгол дүүргээс 1089 дуудлага тус тус бүртгэгджээ.