УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.
-Өнөөдөр намын бүлгүүд хуралддаг хуваарьтай. Гэтэл АН-ын бүлгийн хурал хуралдаж байх үед ТББХ хуралдах хуваарийг давхцуулсан нь байнгын хорооны хурал хойшлох шалтгаан болчихсон юм биш үү?
-Өнөөдөр 10.00 цагаас их хуралд суудалтай нам эвслийн бүлэг хуралдаад 11.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах товтой байсан. Их хурлын даргын зөвлөл хуралдаад хурлын тов дарааллыг гаргадаг.
-ТББХ-ны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлэлцэгдэх байсан ч удаа дараа хойшилж байна. Энэ шалтгааныг зарим гишүүд УИХ-ын дэгийн тухай хууль зөрчиж байна хэмээн мэдэгдээд байгаа. Та энэ талаар тодруулахгүй юу?
-32 гишүүнээс 28 гишүүн ирэх боломжтой гэж байнгын хорооны дарга мэдэгдсэн. Гишүүд товлосон хугацаандаа хуралдаа орж ирэхгүй бол хурлыг хаах болоод хойшлуулах эрх нь хурал даргалагчийн эрх. Пүрэв гаригаас өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх журамтай. УИХ-ын даргын асуудал их хуралд ирээд Төрийн байгуулалтын байнгын хороонд ирж хэлэлцэгдэх учиртай.
-АН-ын зүгээс Ерөнхий сайдыг огцруулах асуудал болоод УИХ-ын даргыг огцруулах асуудлыг зэрэг хэлэлцэгдээд явах ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд байна. Энэ боломжтой юу?
-Парламентын даргыг огцруулах үндэслэл бүхий саналыг гишүүдийн талаас илүү нь ирүүлсэн бол хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын даргыг огцруулах саналыг оруулсны дараа парламентын даргын зөвлөлийн 17 гишүүн хуралдаж хурлын дараалалд оруулна. Хэрвээ АН-ын бүлгээс тавьж байгаа УИХ-ын даргыг огцруулах асуудлыг зэрэгцүүлэн хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ахин хуралдаж байж хурлын дараалалд оруулж болно. Хэрвээ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хурлын дараалалд оруулахгүй бол хэлэлцүүлэг хойшилно. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тэд хоногийн дотор хэлэлцүүлж шийднэ гэсэн хуулиар тогтоосон хугацаа байхгүй. Гэхдээ хэлэлцүүлэх асуудлыг өргөн барьсан учраас асуудлыг хэлэлцэх нь тодорхой. Харин хэзээ хэлэлцэхийг одоо хэлэх боломжгүй байна.
-УИХ-ын дарга гишүүдийг гадаад томилолтод явахыг хориглоно гэдэг тогтоол баталсан байна. Энэ нь гишүүдийн бүрэн эрхэд халдсан асуудал биш үү?
-УИХ-ын дарга гишүүдийн гадаад томилолтыг зөвшөөрсний үндсэнд гишүүд томилолтоор явах эрх үүсдэг. Тэгэхээр УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд томилолтыг хязгаарлах эрх нь нээлттэй.
-Ерөнхийлөгчийн томилолтыг дагаад нэр бүхий гишүүд Энэтхэг улс руу явсан байна. Тэгэхээр энэ гишүүдэд хариуцлага тооцно гэсэн үг үү?
-Тэр томилолтыг төлөвлөж захирамж нь гараад л явсан гэсэн үг.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.