Их хуралд урд хожид үзэгдээгүй дабл стандарт


126 гишүүнтэй өнөөгийн парламентын хувьд Б.Амарбаясгалан, Г.Занданшатар нар суудалдаа тогтох үгүйг шийдэх асуудал гацаа үүсгээд байна. Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах асуудал яригдаад үндсэндээ 3 дахь 7 хоногтойгоо золголоо. Гэвч аль алиных нь асуудал шийдэгдэх шатандаа орсонгүй, гацав.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэх асуудлын дараалалд өнгөрсөн 7 хоногт оруулсан боловч Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын үзэмжээр асуудал өчигдөр мөн л шийдэлд хүрсэнгүй хойшиллоо. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хойшлуулсан шалтгаанаа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир ирцээ бүртгүүлсэн гишүүд хуралдаа ирээгүйтэй холбон тайлбарлав. Гэвч УИХ-ын дэгийн тухай хуулиар ирцээ бүртгүүлчхээд санал хураалтад оролцоогүй бол тухайн гишүүний саналыг хэлэлцэж буй асуудлыг дэмжээгүйд тооцдог. Яг энэ зохицуулалтаас болж олон арван чухал хуулийн төсөл парламентаар хэлэлцэгдэлгүй унаж байсан түүх бий. Гэхдээ олон нийтийн эрх ашигтай шууд холбоотой тэдгээр хуулийн төслүүдийг аварч үлдээхийн тулд тухайн үеийн хурал даргалагч нар хуралдааныг хааж байсан түүх байхгүй. Харин өнөөдөр хэлэлцэх ёстой байсан Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэрвээ дэмжигдэхгүй үлдвэл чухам хэн хохирох байсан бэ? гэдэг асуулт анхаарал татаж байна.  

Парламентаар хэлэлцүүлэхээр хүлээлт үүсгээд байгаа өөр нэг анхаарал татсан сэдэв нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах асуудал. Ерөнхий сайдыг огцруулах сэдвээс ялгаатай нь спикерийг огцруулах асуудал парламентаар хэлэлцэх асуудлын тов дараалалд өнөөдрийг хүртэл багтаагүй байна. Шалтгааныг нь албаны хүмүүс хуульд их хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж батлах хуулийн хугацаа зааж өгөөгүй байдагтай холбон тайлбарлаж байгаа. Хуулийн цоорхойг тэд сайн ашиглаж байна.

УИХ-ын гишүүдийн талаас илүү нь гарын үсгээ зурж, огцруулах асуудлыг тавьсан. Үүнийг хэзээ парламентаар хэлэлцүүлэхийг их хурлын даргын дэргэдэх зөвлөл мэднэ. Журам нь ийм. Гэхдээ даргын дэргэдэх зөвлөл УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд багтаасангүй.

Хэдийгээр хуулиар олгосон эрхийн хүрээнд ч гэлээ ҮАБЗ-д багтдаг 2 хүний асуудал 2 өөр замаар буюу дабл стандарт туулж байгааг олон нийт нэгэн зэрэг анхааралтай ажиглаж байна.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл 7 хоногтоо ганцхан удаа хуралддаг учраас магадгүй зарим асуудал нь амжаагүй байхыг үгүйсгэх аргагүй. Гэтэл асуудал бүр шат дамжлага шаардаж уддаг юм уу гэвэл бас үгүй ажээ. Тодруулбал: УИХ-ын гишүүн  Л.Оюун-Эрдэнэ нар санаачилсан Ухаахудаг, стратегийн ордуудыг хянан шалгах түр хороогоо байгуулаад зогсохгүй хурлаа аль хэдийнэ товлуулж дөнгөжээ. Уг нь УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нарын гишүүн Нүүрсний асуудлаар түр хороо байгуулахаар ажиллаж байсан ч түр хороо байгуулах эрхээ Л.Оюун-Эрдэнэд алджээ. Д.Ганбат, Ж.Баярмаа нарыг түр хороо байгуулах санаачилга гаргаж, хөөцөлдөж байхад Л.Оюун-Эрдэнэ ямар ч түр хороо санаачлаагүй явсан. Сүүлд нь санаачилга гаргасан хүн гэтэл түрүүлж санаачилга гаргасан хүмүүсийнхээ өмнүүр орчихсон байх юм. Намрын чуулганы хугацаанд 2 түр байгуулж ажиллах эрх байгаа учраас Ж.Баярмаа, Д.Ганбат нарын түр хороо ийнхүү намрын чуулганы хугацаанд байгуулагдах үндэслэлгүй боллоо. Үүнээс үзвэл тийм ч их шат дамжлага үгүй юм байна. УИХ-ын даргын зөвлөл асуудлыг үзэмжээрээ шийддэг болж таарлаа. Тэгэхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд хурал товлох нь бас л дабл стандарттай болж таарч байна.

УИХ-ын даргын албан тушаал хашсан эрхмүүд бүгд ийм дабл стандартаар ажилдаа ханддаг байсан эсэхийг бид тунгаах учиртай. 1992 оноос эхэлсэн Монгол Улсын парламентын түүхэнд 12 дарга сонгогдон ажиллаж байв. Түүхэнд байсан их хурлын дарга нараас хамгийн их хэл ам таталж, гишүүдээс гомдол сонсдог байсан дарга нарын 1 бол Зандаахүүгийн Энхболд гэдэгтэй хүмүүс тэр бүр маргахгүй байх. “Гишүүдийн үг хэлэх, асуулт асуух эрхийг хязгаарлалаа” гэдэг гомдол тухайн цаг үед их яригддаг байв. Гэсэн ч даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэх асуудлуудыг дарааллын дагуу буюу ямар нэгэн оочир дайруулалгүй, асуудалгүй товлодог байлаа. Бас өргөн барьснаас хойш хэлэлцүүлэхгүй хойшлуулсан тухай гомдол гардаггүй байсныг бид мартаж болохгүй.

Харин энэ удаагийн 126 гишүүнтэй парламент хурал даргалагчийн нөлөөгөөр асуудлыг хойшлуулах, ногоон гэрлээр дайрч орж ирэх зэргээр юм юм л болж байна.

Парламентад үүсээд байгаа энэ дабл стандартыг өөрчлөх боломж нь УИХ-ын дарга нам бус байх гэдэг шийдлийг өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг санал болгов. Ардчилсан парламенттай улс орнуудад ч парламентын дарга нь нам бус байдаг жишиг бий гэнэ. Харин Монгол Улс Үндсэн хуульдаа парламентын дарга нам бус байх тухай хуульчлаагүй байдаг учраас асуудал өнөөдөртэй ийн золгожээ.

126 гишүүнтэй парламентын даргын намын харьяалал гэлтгүй байнгын хорооны хурал даргалагчийн үзэл бодол, хандлага хүртэл хэрхэн дабл стандарт үүсгэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны сүүлийн өдрүүдийн хурал бидэнд харууллаа.

Ардчилсан парламентын хууль, журам ямар байх ёстойг монголчууд 100 жилийн түүхтэй МАН-ын үед ойлгох хувьтай байж. Харин түүхт ах намд маань парламентын тогтолцоогоо аварч үлдэх сонголтыг дабл стандартгүйгээр хийх сэтгэл, зүтгэл байгаа болов уу гэдэг л анхаарал татаж байна.  

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *