Ж.Баярмаа, Д.Ганбат нараас түр хороо байгуулах эрхийг нь Л.Оюун-Эрдэнэ “хулгайлав” уу?


Өмнө нь энгийн иргэдийн жагсаалыг үймүүлж зорилгыг нь алдагдуулдаг шинэ төрлийн “хулгай” үүссэн талаар гомдол гардаг байсан бол одоо УИХ-д түр хороо байгуулах эрхийг булаадаг цоо шинэ “хулгай” бий болжээ. Тодруулбал: УИХ-ын 1 чуулганы хугацаанд парламентаас 2 түр хороо байгуулах эрх бий. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Оюутолгойн түр хороо” байгуулсан учраас одоо энэ намрын чуулганы хугацаанд ганцхан түр хороо байгуулах бололцоо бий.

Тэгвэл нүүрсний Харбины хэлэлцээрийг хянан шалгах түр хороо байгуулах болсон талаараа УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, зарласан юм. Харин тэдний түр хороо байгуулах боломжийг экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “хулгайлжээ”.

Тэрээр жагсаалтаар их хуралд сонгогдсон гишүүдээрээ гарын үсэг зуруулан, нүд ирмэхийн зуур бичгээ бэлэн болгож, “Ухаахудагийг шалгах түр хороо” байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьжээ. Харин даргын дэргэдэх зөвлөл Л.Оюун-Эрдэнийн түр хороо байгуулах асуудлыг гэрлийн хурдаар хэлэлцэж, өнөөдрийн хурлын товд багтаасан байна.

Уг нь парламентын даргын дэргэдэх зөвлөл 7 хоногтоо ганцхан удаа хуралддаг учраас хэлэлцэх асуудлын тов дараалалд асуудлаа багтаах амаргүй даваа болсныг УИХ-ын даргыг огцруулах бичиг өнөө хэр нь хэлэлцэх асуудлын дараалалд ороогүйгээс харж болно. Тэгвэл их хурлын даргын дэргэдэх зөвлөл Л.Оюун-Эрдэнийн байгуулах түр хороог түүхэнд байгаагүй хурднаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ингэж чичирч яаран түр хороо байгуулах ямар шаардлага байсныг бодолцож үзье. Түүний удирдсан Засгийн газрыг огцруулах жагсаалыг MCS санхүүжүүлсэн гэдэг хардлагыг тэрээр Ерөнхий сайдын сэнтийгээс буун буутлаа хэлсээр байв. Түүнчлэн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын хянан шалгах гээд байсан Харбины хэлэлцээрт тэр өөрөө гар бие оролцсон учраас шалгуулахгүй байх хүсэл сонирхол байсан байж болно. Ямартай ч 126 гишүүний 1 Л.Оюун-Эрдэнэд энэ парламентад багтаж байгаа бусад гишүүнээсээ давуу эрх эдлэх боломж бүрдсэн байгааг “Ухаахудагийг шалгах түр хороо”-г нь яаралтай горимоор байгуулж өгч байгаагаас харж болохоор байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *