Багш нар ажил хаяхаа мэдэгдлээ. Аравдугаар сарын 16-наас эхлэн ажил хаялт Монгол орон даяар өрнөнө. Түүний дараагийн долоо хоногт ерөнхий боловсролын сургуулиудын бие даалтын 7 хоног эхэлнэ. Гэтэл багш нар хичээлийн 2 өдөр жагсаал хийхээр бэлдэж байна. Жагсаал, цуглаан зохион байгуулах, цалингаа нэмүүлэхдээ хүүхдүүдийг хохироохоо больж, ул суурьтай судалгаа шинжилгээтэй хандвал ямар вэ?
Монгол Улсад ерөнхий боловсролын 885 сургууль бий. Энд 37.770 үндсэн багш ажилладаг. Энэ бүх сургуульд 797.9 мянган сурагч суралцдаг. Үүнээс Улаанбаатарт 314 сургууль бий.
Хичээлийн жилийн эхний улирал бол хүүхдүүдийн хувьд чухал. Ганц хоёр хоногийн хичээл ч тэдэнд хэрэгтэй. Даанч багш нар ажил хаях нь ээ.
Нийгэмд “Багш нарын цалинг нэмэх нь зөв” гэсэн байр суурь нэвт шингээстэй байна. Үнэндээ ч 1,5-хан сая төгрөгөөр амьдрах аргагүй болсон. Бүр 2,5 сая байлаа ч хүрэлцэхгүй байна. 100 мянган төгрөгөөр хүнсний дэлгүүр ороод, тор дүүргэж чадахгүй сууна. Энэ бол ганцхан багш нарт ирээд байгаа зовлон биш. Нийтэд маань нүүрлэсэн гачлан. Ийм үед багш нар маань учиртай жагсмаар байна. Мэдлэгтэй, боловсролтой хүмүүсийн хувьд жагсаал, цуглаанаа арай өөр хэлбэрээр хийцгээе!
Манай улсад цалин, тэтгэвэр нэмэх мөнгө байхгүй. Тэгэхээр тэр мөнгийг олохын төлөө эхлээд тэмцэх хэрэгтэй байна. Та бидний цалинг нэмэх мөнгийг эрх мэдэлтнүүд нийлээд хулгайлчихсан байна. Нүүрсний хулгайтай тэмцэх жагсаалыг багш нар жинхэнэ утгаар нь хийж болно.
Багш, эмч нарын цалинг 3,5 сая болгох, бүр нэмэгдэл, урамшууллаа авч болох их хэмжээний мөнгийг тэд хулгайлсан нь саяхан ил боллоо. Ганцхан компани Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэх мөнгө нүүрснээс завшжээ. Зөвхөн ганцхан гэрээнээс улсын төсөвт орох ёстой, татварт өгөх 833 сая ам.доллар сох дутжээ. Цаана нь ийм 34 гэрээ бий гээд бод доо. Зөвхөн энэ гэрээнээс л гэхэд 3 их наяд орчим төгрөг алга болсныг эдийн засагчид хэлж байна. Үндсэн цалингаараа ажиллаж байгаа 37 мянга гаруй багшийн цалинг 3,5 сая төгрөг болгоход нийтдээ 3 их наяд гаруй төгрөг хэрэгтэй юм билээ. Нүүрснээс хулгайлсан мөнгийг буцаан олж авахад л багш нарын цалинг 3.5 сая болгон нэмж болно гэсэн үг.
Тэгэхээр эрхэм хүндэт багш нар минь энэ тоог нарийн бодож тунгаан, ул суурьтай баримттай гарган тавьж гэмээнэ та бүхний тэмцэл утга учиртай болно. Хүсээд байгаа цалингаа улсын төсөвт нэрмээс болохгүйгээр авч болохоор харагдана.